ЗАВХАН: Хавдрыг эрт үед нь оношлуулснаар эдгэрэх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ходоодны
хавдар эмчлэгддэг үү? Тийм ээ эмчлэгддэг гэж мэргэжлийн эмч зөвлөж байна.
Ходоодны хорт хавдар хүн амын дунд ихээр илэрч байгаа нь
буруу хооллолт, хеликобактерийн шалтгаантай. Монголын нийт хүн амын 76-82 хувь
нь хеликобактерийн халдвартай байна. Таван хүн тутмын дөрөв нь хеликобактерийн
халдвартай байна гэсэн үг. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл
оношилгооны тасгаар өдөрт 40 гаруй хүн үйлчлүүлдэг. Тэдний 70-90 хувь нь
хеликобактертай буюу ходоодны хавдрыг үүсгэх шалтгаантай байна. Хеликобактерийн
халдвар ийм өндөр хэмжээнд байгаа нь харамсалтай юм. Халдварын тархалтыг
тогтоохын тулд олон цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Эхний ээлжид мэдээж эмчид хандаж хеликобактериа устгуулах хэрэгтэй. Мөн ахуйн ариун цэвэрт маш
том өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй байгаа юм гэж Завхан
аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны ахлах зэргийн их эмч, ЭМБУ-ийн
магистр, клиникийн профессор Б.Уранцэцэг ярилаа.

-Ходоод, хоол боловсруулах замын эмгэг өвчин сүүлийн үед л нэмэгдсэн үү?
-Хоол боловсруулах замын эмгэг, өвчин нь зонхилон тохиолддог.
Ходоодны өвчлөл бүс нутаг бүрд харилцан адилгүй байна. Ялангуяа баруун
аймгуудын иргэдийн дунд энэ өвчлөл их байдаг нь газар нутгийн онцлог, амьдралын
хэв маягийн онцлогоос их шалтгаалж байна. Тухайлбал баруун аймгуудад давсны
хэрэглээ ѳндѳртэй, хэт халуун хоол, “хийцтэй” гэгддэг гурил шар тосоор
ѳтгѳрүүлсэн цай уудагтай холбоотой.
Цаг уурын онцлогоос шалтгаалан хүйтэн сэрүүн орон нутагт амьдардаг
учраас хоол, цай халуун байхаас өөр аргагүй. Гэхдээ ийм мэдлэг мэдээллийг дор
бүрнээ анхаараад, энэ хэв маягтаа ѳѳрчлѳлт хийхээс гадна хувь хүн амьдралын хэв
маягтаа өөрчлөлт оруулж, тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдах нь чухал юм.
Иргэд эрүүл мэндээ хянаад, үзүүлээд байвал өвчлөлийг бууруулах боломжтой.
-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ходоодны өвчин бол хамгийн их шинж тэмдэг илэрдэг. Хүмүүс
тоодоггүй, цээж хорсоод байна, аюулхай хавьд өвдөөд байна гээд яриад, өвчин
намдаах эм уугаад яваад байдаг. Ходоодны хорт хавдрын шалтгаан нь ходоодны
салстыг үрэвсүүлдэг хеликобактери юм. Хеликобактери илэрвэл заавал эмчлүүлэх
ёстой. Орон нутгийнхаа эмнэлэгт энэ бактерийг шинжлүүлж болно. Энэ нянгийн
халдварын улмаас үүсдэг ходоодны салстын архаг үрэвсэл нь хорт хавдар үүсгэх
нэгдүгээр зэргийн шалтгаан болдог.
Манай орон нутгийнхан ихэвчлэн мах гурил гэсэн хооллолттой байдаг. Сүүлийн үед хүнсний ногоо, жимс жимсгэнийг хааяа л хэрэглэж байна. Уг нь монголчуудын хэрэглээ багатай жимс ногоонд байдаг С витамин ходоодны салстыг хамгаалах үйлчилгээтэй юм. Өөрөөр хэлбэл, ходоодны хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг гэсэн үг. Тиймээс өдөр тутмын хооллолтдоо давсны хэрэглээгээ багасгах, илүү шим тэжээлтэй баялаг хүнсний ногоо жимс жимсгэнийг хэрэглэхийг иргэдэд зөвлөдөг юм.
Мөн таргалалт, илүүдэл жинтэй холбоотойгоор цээж хорсох зовуураар илэрдэг ходоод-улаан хоолойн сөөргөөг нэрлэж болно. Зохисгүй хооллолт, амьдралын буруу дадал хэвшлээс болж иргэдэд ходоод, ялангуяа хоол боловсруулах эрхтний өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь өдөр бүрийн үзлэг, оношилгооноос харагддаг.
Иргэд ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэснээс өвчнөө хүндрүүлэх тохиолдол ч байна.
-Оношилгоо бол зөвхөн дурангаар л хийх юм байна гэж
ойлголоо, зөв үү?
-Тийм ээ, ходоод тань өвддөггүй бол 30-аас дээш насныхан
хоёр жилд нэг удаа заавал дурандуулах шаардлагатай. Ходоод нь өвддөг,
зовуурилдаг бол заавал үзүүлэх, дурандуулах шаардлагатай юм. Хоолны шингэц
муудах, ходоод цанхайх, гэдэс дүүрэх, дотор муухайрах, огих, бөөлжих. Мөн хэл
зузаарч өнгөртөх, амнаас эвгүй үнэр гарах, батгаших, цээж гашуу оргих, гулгих,
хэхрүүлэх, зогьсох, хоол тээглэж горойх. Ходоод аюулхай орчим өвдөх, гүйлгэх,
өтгөн хар өнгөтэй гарах. Шалтгаангүй турах, ядрах гэх зэрэг шинж тэмдэг илэрвэл
шууд эмчид хандаж дурангийн шинжилгээг яаралтай өгөх хэрэгтэй.
-Ходоодны дурангийн шинжилгээний талаар дэлгэрэнгүй
тайлбарлана уу?
-Хоол боловсруулах дээд, доод замыг харж шинжлэх, эмчлэх,
оношлох багажийн шинжилгээний аргыг дурангийн шинжилгээ гэж нэрлээд байгаа юм.
Ходоод болон гэдэсний уян дижитал видео дуран нь хоол боловсруулах замын үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх өндөр ач холбогдолтой. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй шинжилгээ юм. Хүний улаан хоолойн диаметр хоёр см, уян дурангийн диаметр 0,8 см гулгамтгай учир хүний биед тааламжгүй байдал үүсгэхгүй. Тийм учраас та өөрийн эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж заавал эмчид хандан өвчнөө эрт оношлуулж эмчлүүлэх нь чухал юм.
Гэтэл иргэд
маань эрт үзүүлж дурандуулаагүйгээс ихэвчлэн гурав, дөрөвдүгээр шатандаа
оношлогдоод байгаа юм. Зарим үед сүүлийн шатанд ч орсон хойноо ирэх нь элбэг
байдаг. Тиймээс иргэдэд энэ талаарх зөвлөгөө нөлөөллийн ажлыг л хиймээр байна.
-Иргэдийг зөв мэдээлэлтэй байж, эрт илрүүлэгтээ
хамрагдахыг та дахин дахин зөвлөж байна? Ходоодны хорт хавдар эдгэх боломжтой юу?
-Боломжтой. Хорт хавдрын эрт илрүүлгийн хамгийн гол ач холбогдол нь хүндрэхээс нь өмнө эмчлэх. Хорт хавдар эрт илэрвэл эдгэрэх бүрэн боломжтой гэдгийг эрт үедээ оношлуулж хагалгаа болон эмчилгээнд хамрагдсан иргэдээс харж болох юм. Ямар нэгэн өвчнийг эрт оношлох, илрүүлэх нь, эмчлэх нь, санхүүгийн бэрхшээлд орохгүй байх, цаг хугацаа алдахгүй гэсэн маш олон давуу талтай. Амьдралын чанарыг ч уртасгадаг.
Жишээлбэл, хорт хавдар өнөөдөр үүсээд маргааш шинж тэмдэг нь илэрдэг өвчин биш юм. Нэг жилд 1 мм-ээр өсөөд таван мм буюу 0.5 см болохоороо л тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдгээр илэрдэг.
Гэтэл түүнийг нь хүмүүс
тоодоггүй. Гэтэл тэр 0.5 см-ээс өмнөх үед нь буюу нэг, хоёрдугаар шатанд хөнгөн
хэлбэрийн эмчилгээнд орвол эдийн засгийн ч хямралд орохгүй, цаг хугацаа
алдахгүй эмчлүүлэх бүрэн боломжтой. Харин гурав, дөрөвдүгээр шатанд зөвхөн
хөнгөвчлөх буюу амь насыг уртасгах эмчилгээ л хийгддэг. Хэчнээн их мөнгө зарлагадсан
ч тухайн хавдрыг ялан дийлэх боломж, хүндэрсэн тохиолдолд байхгүй шүү дээ.
Тиймээс л нэг, хоёрдугаар шатандаа яваа хавдар бүрэн
эмчлэгдэх боломжтой гэж хэлээд байгаа юм. Эмчийн хяналтад яваад эмчлүүлээд байх
боломжтой юм. Энэ боломжоо иргэд маань алдаад байна. Энэ боломжоо алдахгүй
байх, боломжийг нэмэгдүүлэх үүднээс өөрийнхөө эрүүл мэндийг заавал хянуулж,
үзүүлж, оношлуулаарай л гэж зөвлөөд байгаа юм.
-Дурангийн шинжилгээнд ирэхдээ юуг анхаарах вэ?
-Шинжилгээ өгөхөөр шийдсэн бол шинжилгээнд ирэхдээ урд орой нь 19.00 цагаас хойш юм идэхгүй, дурандуулахаар ирэх өдрөө өлөн байх шаардлагатай. Мөн эмч, сувилагч нарын зөвлөгөөг дагаарай.

Завхан аймагт ходоод, улаан хоолойн дурангийн
эмчилгээг нутагшуулж байна
-Завхан аймгийн хувьд бүх төрлийн хавдрын өвчлөлөөр улсын
дундажтай харьцуулахад үзүүлэлт өндөр биш боловч нийт хавдраар
өвчлөгсдийн 85 хувь нь хожуу оношлогдож байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгээс
мэдээлэв.
Тус аймаг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хөрөнгө
оруулалтаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд ходоодны дурангаар салст хуулах
хагалгааг хийж эхэлсэн нь зонхилон тохиолдох ходоодны хавдрын өвчлөлийг
бууруулах алхам болж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь дурангийн мэс заслын хоёр, мэргэшсэн хоёр сувилагчтай, ходоод улаан хоолойн мэс ажилбаруудыг орон нутагтаа хийж байна. Орон нутагтаа улаан хоолойн өргөссөн судас авах, ходоодны ургацаг авах, ходоодны хурц цус алдалтыг зогсоох жижиг мэс ажилбаруудыг хийж байна. Мөн ходоод улаан хоолойн салст хуулах хагалгааг амжилттай хийжээ.

2021-2024 оны хооронд хавдрын хяналтад 3038 иргэн
хянагдаж, шинэ хавдрын 701 тохиолдол
оношлогдсоны 142 буюу 20.2 хувь нь эрт эрт үедээ буюу 1,2 дугаар шатандаа
оношлогджээ.
Харин 559 тохиолдол буюу 79.8 хувь нь хожуу үе
шатандаа оношлогдсон байна. Хавдрын
тэргүүлэх өвчлөлд давхардсан тоогоор
элэгний хавдар 1010 буюу 33.2 хувь, ходоодны хавдар 423 буюу 13.9 хувийг нь
эзэлж байна. Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар 338 буюу 11.1 хувь, хөхний
хавдар 130 буюу 4.2 хувь, бөөрний хавдар 155 буюу 5.1 хувийг эзэлж байна.
Хорт хавдрын шалтгаант нас баралт 474 тохиолдол бүртгэгдсэн.
2021 оноос хойш нас барсан
хүмүүсийн амьдарсан хугацаагаар авч
үзвэл, хорт хавдраар оншлогдоод нэг жил хүрээгүй нас барсан 241 хүн байна. Хорт
хавдраар оношлогдоод 10- 15 жил амьдарсан 21 хүн байна. Тиймээс иргэдийг эрүүл
мэндийнхээ төлөө анхан шатны үзлэг оношилгоонд заавал хамрагдаарай гэж зөвлөөд
байгаа юм.

Манай аймаг “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хүн
амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт
болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх. Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг
оношилгоо, шинжилгээнд тогтмол хамруулах. Ялангуяа хавдрын өвчлөлийг
бууруулахын тулд иргэдийн дадал, хандлагыг өөрчлөх зөвлөн туслах нөлөөллийн
ажлыг тогтмол хийж байна” хэмээн Завхан аймгийн ЭМГ-аас нэмж дуулгалаа.
Ulaanbaatar