БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ШУТИС-д төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-10 12:32:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-аас ШУТИС-д шинэ төсөл хэрэгжүүлэх болсноо БСШУСЯ-нд албан ёсоор танилцууллаа.

Солонгос улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 6 сая ам.долларын санхүүжилттэй 3 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөл нь ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны технологийн сургуулийн чадавхийг бэхжүүлэх зорилготой. Төслийн хүрээнд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, ахисан түвшний сургалт, судалгааны 10 шинэ  лаборатори байгуулж, мэдээлэл холбооны технологийн хэрэглээг бүхий л салбарт хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх 10 шинэ хөтөлбөр бий болох юм. Мөн төслийн хүрээнд тус сургуулийн олон тооны багш Солонгосын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэх боломжтой.

Энэхүү төсөл нь саяхан Монгол Улсын Засгийн газраас баталсан “Судалгааны их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж БСШУСЯ-ны Дээд Боловсролын бодлогын газрын дарга, профессор Т.Амаржаргалан мэдэгдлээ.

相关新闻