Монголын нэрт хуульч, академич С.Нарангэрэл “МУИС-ийн Эмирет профессор” цол хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор С.Нарангэрэлд “МУИС-ийн Эмирет профессор” цол олголоо.
Энэхүү хүндэт цолыг МУИС-ийн хүндэт цол олгох журамд заасны дагуу МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-иос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог дээд цол юм. Өмнө нь тус цолыг гурван эрдэмтэн хүртэж байв. Энэ цолыг 2015 онд бий болгосон байна.
Монгол Улсын
ШУА-ийн гишүүн, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн
профессор С.Нарангэрэл багш монголын хууль зүйн шинжлэх ухаанд жинтэй хувь
нэмэр оруулсан, дотоодод төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн, нэгэн цагийн
том эрдэмтэн юм. Академич С.Нарангэрэлийн олон бүтээл англи, орос, хятад,
герман, япон хэлнээ хэвлэгдэж нийтийн хүртээл болсон. Мөн монголын
хуульч-эрдэмтдийн дотроос анх удаа 2000 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр
сонгогдож, хууль зүйн шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Түүнчлэн
дэлхийн олон орны сургуулиудтай холбоо харилцаа тогтоох, хамтран ажиллахад их
хувь нэмэр оруулсан. Тэрбээр Япондоо хамгийн олон Нобелийн шагналтнуудыг
төрүүлэн гаргасан Японы Нагояагийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн Хүндэт
докторын цолыг 2005 онд хүртсэн юм.
Энэхүү ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Академич С.Нарангэрэл багш бол 1975 оноос хойш МУИС-ийн хууль зүйн салбарт 43 жил багшилсан, нэр хүндтэй, туршлагатай, үе үеийн шавь нарынхаа хайр хүндлэлийг хүлээсэн, монголын ард түмэнд танигдсан нэрт сурган хүмүүжүүлэгч билээ. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар 10 гаруй жил ажиллахдаа тус сургуулийг манай орны хүлээн зөвшөөрөгдсөн брэнд тэргүүлэх хууль зүйн сургуулийн өндөр түвшинд хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг энэ өдөр дурсахад таатай байна. Багшлах бие бүрэлдэхүүнийг эрдэмшүүлэх, эрдмийн зэрэгтэй багш нарыг дотоодод болон гадаадад бэлтгэх үйлсэд онцгой хүчин чармайлт гаргасныг тань бид өндрөөр үнэлж байна. Академич С.Нарангэрэл багшийн олон жилийн багшлах их үйлс болон эрдмийн ажлын үр бүтээлийг өндөр үнэлж, МУИС-ийн хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлөөс нэр дэвшүүлснийг үндэслэн “МУИС-ийн Эмерит профессор” цол хүртээлээ. МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл академич та МУИС-ийн ивээл хүндлэлд насан туршдаа багтаж, гадаадад эрдэм шинжилгээний хуралд оролцоход сургуулиас санхүүгийн дэмжлэг авах, хоёр жилд нэг удаа мөнгөн тусламж авах, сургуулийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд уригдах зэрэг бусад дэмжлэгийг МУИС-ийн зүгээс хүртэх болно” гээд МУИС-ийн Эмирет профессорын өмсгөл, энгэрийн тэмдэг, диплом гардуулсан юм.
Эмирет профессор
нь МУИС-ийн хөгжилд хувь нэмэр оруулах, гадаад, дотоод харилцаа, хамтын
ажиллагааг өргөжүүлэх, МУИС-ийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг
бэхжүүлэхэд зохих хүчин чармайлт гарган ажиллах үүрэг хүлээх аж.