Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид хууль эрх зүйн мэдлэгт суралцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтран Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд хоёр өдрийн сургалт зохион байгууллаа.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 482 хүүхэд харах
үйлчилгээний төвд 4900 гаруй хүүхэд хамарч байна. Тус сургалтаар 21 аймаг, 9 дүүрэг дэх хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 120 гаруй хүнд хууль
эрх зүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
БСШУС-ын сайдын баталсан “Мэргэшүүлэх сургалтын
хөтөлбөр”-ийн агуулгаар арга зүйг эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа.
Нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн 2015 онд хүүхэд харах үйлчилгээний тухай
хууль, орчны стандарт батлагдсан. Өнөөдрийг хүртэл эцэг эхээс хүүхэд харах
үйлчилгээтэй холбоотой гомдол ирээгүй гэдгийг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх
боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Болормаа хэллээ.
Энэ үйлчилгээ анх 2016 онд 5400 гаруй хүүхдэд 3,8 тэрбум
төгрөгийн төсөвтэй эхэлсэн. Жилээс жилд хамрах хүүхдийн тоо буурч байгаа.
Энэ нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмж тодорхой хувиар нэмэгдэж байгаатай
холбоотой аж. 2019 оны төсөвт 3,9 тэрбум төгрөг батлагдсан нь зарим хүнд тус үйлчилгээг
хумих бодлого мэт харагдаж байгаа. Тэгвэл энэ мөнгө 4952 хүүхдэд 6 дугаар сар
хүртэл үйлчилгээ үзүүлэхэд хангалттай хүрэлцэх санхүүжилт юм.