БХИС-ийн Спорт цогцолбор ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-07 08:45:40

Батлан хамгаалах их сургуулийн Спорт цогцолбор өнгөрсөн баасан гаригт ашиглалтад орлоо.

2013 оноос хойш баригдсан энэхүү барилгыг хүлээн авах ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, яамны газар, хэлтсийн дарга нар, ЗХЖШ-ын Бодлого, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, Монголын Үндэсний олимпын хороо, бусад салбар хороодын удирдлага, БХИС-ийн ажилтан алба хаагчид, эрдэмтэн багш, сонсогч, сурагчид оролцлоо. Ёслолын арга хэмжээг нээж Батлан хамгаалах их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц хэлсэн үгэндээ "Манай эрдмийн хамт олон маань "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 95 жилийн ой, БХИС-ийн 95 жилийн ойн өмнөхөн Спорт цогцолбороо хүлээж авч байгаадаа баяртай байна. Цаашдаа батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг манай хамт олонд өргөн цар хүрээтэй ажиллах боломжийг нээж өгсөн томоохон бүтээн байгуулалт боллоо.

БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудын дэмжлэгээр энэхүү спорт цогцолбороо барьж чадлаа" хэмээн онцолсон. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Энэхүү спорт цогцолбор бол оюутан, сонсогчдын спортын амжилтын буухианы эх суурь болоод зогсохгүй ирээдүйн офицер, ахлагч нарын бие бялдарын хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Батлан хамгаалах салбарын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байгаагийн нэг нь энэхүү спорт цогцолбор билээ. Төр, засгийн удирдлагууд манай салбарынханд ихээхэн итгэл өгдөг. Тэр итгэлийг нь дааж ажиллах эх орноо батлан хамгаалах эрэлхэг залуусыг бэлтгэн гаргах их ажил манай сургуулийн хамт олны өмнө байдаг юм шүү" гэж онцлоод спорт цогцолборт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг нь хангахад салбарын зүгээс анхаарна гэдгээ хэлж байв. Спорт цогцолбор нь улсын төсвийн 6 тэрбум 213 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2013 оны 5 дугаар сараас баригдаж эхэлсэн бөгөөд барилгын гүйцэтгэгчээр “Жана наран” компани ажиллажээ. Сагсан бөмбөгийн 2 стандарт бүхий талбайтай, бөх болон гардан тулаан, чийрэгжүүлэлтийн таван жижиг танхим, багш ажилчдын өрөө тасалгаа контороос бүрдсэн иж бүрэн цогцолбор юм.

Батлан хамгаалах салбарын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байгаагийн нэг нь энэхүү спорт цогцолбор юм. 2015 онд нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Өнгөрсөн жил хамгийн олон цэргийн алба хаагч орон сууцтай болж чадлаа. Түүнчлэн "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг ашиглалтад орууллаа. Удахгүй Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр ашиглалтад оруулна.

相关新闻