Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангахыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс “Улс төрд Монголын эмэгтэйчүүдийн оролцоо: Бэрхшээл ба боломж” хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо их байх нь иргэдийн амьдралд ойр шийдвэр гаргахад голлон нөлөөлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Эрэгтэй улс төрчид санхүү, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг бол эмэгтэйчүүд байгаль хамгаалал, гэр бүл, хүүхдийн асуудлыг шийдвэрлэхийг зорьдог байна.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай зэрэг гэр бүл, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласныг С.Одонтуяа гишүүн танилцуулгадаа дурьдав.
Монгол Улс улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах үүднээс 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувийг эмэгтэй хүн байх хууль баталсан. Үүний үр дүнд 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй УИХ-д сонгогдсон. Энэ нь эмэгтэйчүүдийн оролцоог хангах үзүүлэлтээр дэлхийд 95-д жагсаж байгаа үзүүлэлт юм.
Монгол эмэгтэйчүүд улс төрд ороход нийгэм соёлын холбогдолтой хэд хэдэн бэрхшээл тулгарч байгааг БНОУХ “Улс төрд Монголын эмэгтэйчүүдийн оролцоо: Бэрхшээл ба боломж” тайландаа дурьджээ.
Тухайлбал, Монгол өрхийн тэргүүн гэр бүлээ тэжээж, эмэгтэйчүүд нь ар гэрийн ажлыг ганцаараа нуруун дээрээ үүрч байгаа нь тэднийг эдийн засгийн хараат байдалд оруулж, улс төрд идэвхтэй оролцох боломжийг хязгаарлаж байна.
Түүнчлэн эмэгтэйчүүд төрийн үйлчилгээний буюу боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү ажиллаж байгаа бол эрчүүд бизнесийн салбарт давамгайлдаг байна. Энэ нь эмэгтэйчүүд ажлаасаа чөлөө авч сонгуулийн компанит ажил өрнүүлэх нөхцлийг хязгаарладаг аж. Монголд үйл ажиллагаа явуулж буй ихэнх улс төрийн хүчин нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй бөгөөд тэднийг өөрсдөө компанит ажлын санхүүжилтээ гаргахыг шаарддаг нь эдийн засгийн хувьд хараат байдалд байгаа эмэгтэйүүдэд хүндээр тусдаг байна.
Тиймээс энэ бүх асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Сонгуулийн болон бусад хууль, журамд өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн улс төрийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай юм. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр иргэдийн амьдрлыг дээшлүүлэх оновчтой бодлого боловсруулах нөхцөл бүрдэнэ гэдгийг БНОУХ-ээс зөвлөв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр