"Бэр цэцгээс гарган авсан бактерийн эсрэг ам зайлагч" төсөл шилдгээр шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-12-04 17:25:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн шилдэг гарааны компанийн төслийн шалгаруулалт, гарааны тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг МУИС-ийн 1 дүгээр байрны “Эрдмийн өргөө”-нд зохион байгууллаа.

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б. Очирхуяг хэлэхдээ, “МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд МУИС-ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино гэж тодорхойлсон байдаг. Тус сургууль эрдэм шинжилгээ, судалгаа, гэрээт ажил, технологи дамжуулалт, инновацийн орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд үндэсний болоод гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд нийт 3.9 тэрбум төгрөгийн өртөгтэй судалгаа, хөгжлийн нийт 175 ажлыг хэрэгжүүлсэн нь  өмнөх оноос 1.2 хувиар өссөн. 2018 оны 6 дугаар сарын байдлаар МУИС-ийн нэр дээр нийт 20 патент, 14 барааны тэмдэг, 2 ашигтай загвар бүртгэгдсэн. Энэ оноос эхлэн МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмыг шинэчлэн, аж үйлдвэр байгууллагуудтай хамтран өртөг хуваалцах болон инновацийн төслийн санхүүжилтийг шинээр нэмж батлуулаад байна. Ингэснээр өнөөдөр Та бидний эхлүүлж байгаа энэхүү хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хөтөлбөрийн шалгаруулалтын нэгдсэн дүнгээр доктор Б.Даваапүрэв ахлагчтай “Mongolian Bio Future” гарааны компанийн багийн  “Цомцогт бэр цэцгээс гарган авсан бактерийн эсрэг идэвхтэй ам зайлагч” төсөл тэргүүн байранд шалгарч, гарааны компанийн төслийн 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламж  гардав. Хоёрдугаар байрт дэд профессор А.Амарбаяр ахлагчтай “Warm data” гарааны компанийн багийн  “Дулаан алдагдлын хэмжилт” төсөл шалгарч, 8 сая төгрөгийн тэтгэлэг авах батламж гардлаа. Шалгаруулалтын гуравдугаар байрт дэд профессор Б.Мөнхжаргал ахлагчтай “Эрдэмт хүнс” гарааны компанийн багийн “Жангар” ундаа төсөл шалгарч, 5 сая төгрөгийн тэтгэлэг хүртэх боломжтой боллоо. 


 

相关新闻