Л.Батхуяг:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн бүх хүнд талархал илэрхийлье

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-12-13 16:18:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн хамт олон өнөөдөр “Бид хамтдаа” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь хөгжлийн бэрхшээлтэй охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэх гэсэн нэгэн аавын санаачилгаас үүдэлтэй бөгөөд сошиал ертөнцөөр олон залуус, гэр бүл нэгдэн аян өрнүүлжээ.

Аяны хүрээнд  залуус тус цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй 1-5 насны хүүхдийн өдөр тутмын хэрэглээ, асаргаанд шаардлагатай аминдэм, хуурай болон нойтон салфетка, хүүхдийн живх, зөөлөн тавилга, дэр, тоглоом зэрэг нийт 7.8 сая төгрөгийн 2-3 сарын хэрэглээний бүтээгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

Хандивын аянд 1300 гаруй хүнээс 5000-аас 1 сая төгрөг хүртэл нийт 12 сая гаруй төгрөг цуглаж, хүүхдийн тоглоом, хувцас хэрэгсэл ирүүлжээ. Тэд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд биш монголчууд хамтдаа хөгжиж чадна, эдгээр хүүхдийн ирээдүй, боловсрол, нийгэмд эзлэх байр суурийг эерэг болгохын төлөө дуу хоолойгоо хүргэхийг зорьжээ.

Аяныг санаачлагч Л.Батхуяг, “Өнөөдөр миний охины төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр миний хувьд охиноо хэрхэн баярлуулах, баяр нь гэдгийг өөрт нь мэдрүүлж, ойлгуулах хамгийн хүнд, хэцүү өнгөрдөг. Харин өнөөдөр охиныхоо төрсөн өдрийг хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхэдтэй хамт тэмдэглэлээ. Хандивын аянд тусалж дэмжиж, сайхан сэтгэлээ илэрхийлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн бүх хүнд талархал илэрхийлье” гэв.

Тус цэцэрлэг энэ хичээлийн жилд хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй сургуулийн өмнөх насны 202 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэднээс 40 орчим аутизмтай хүүхэд, үүнээс 5 настай 20 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн сургалтын орчинг сайжруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд “Говь” ХК тус цэцэрлэгийн мөөгөнцөрт  идэгдсэн нэг өрөөг гэрэл эмчилгээний тайвшруулах өрөө болгон тохижуулж өгчээ.


Ингэснээр Монголд анх удаа сэргээн засах гэрэл эмчилгээний өрөөтэй болсныг цэцэрлэгийн удирдлагууд хэлж байлаа. Энэ өрөөнд хүүхдүүд 30 минутын хугацаанд тоглож, амардаг аж.


Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмөнх ярихдаа, “Сүүлийн үед аутизмын эмгэгтэй хүүхдүүд ихэсч байна. Аутизм нь удамшил, хоол хүнснээс шалтгаалдаг. Хүүхдийн 2-2.5 насанд  харц нь  тогтворгүй болох, өндөр зүйлст авирах, үсрэх, дороо эргэлдэх, нэг үйлдлээ давтах  зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдэг нь 2-2.5 насанд илэрдэг учир эцэг эхчүүд” манай хүүхэд багадаа зүгээр байсан” гэдэг. Тэд ердийн цэцэрлэгт явж байгаад сургуульд орох нас дөхөхөд ямар нэг байдлаар бусдаасаа ялгаатай шалтгаанаар ердийн цэцэрлэгт явах боломжгүй  болоод ханддаг. Тиймээс энэ хүүхдүүдийн талаар судалгаа явуулж, эцэг эхчүүд анхаарал хандуулах шаардлагатай. Аутизмтай нэг хүүхдэд нэг багш ажиллах ёстой. Манай цэцэрлэгийн нөхцөлд 20 хүүхэдтэй ангид нэг багш, хоёр туслах багш, сэргээн засах эмчилгээний ажилтан гээд туслах боломжтой бүхий л хүмүүс ажилладаг. Аутизмтай хүүхэд өөрөө маш их хөдөлгөөнтэй, үсэрсэн, харайсан, дүүлсэн гээд тогтвортой суухад бэрхшээлтэй байдаг учир  хамгийн наад зах нь суулгаж сургах, өөрөө өөртөө үйлчлэх чадварт сургахад анхаарах шаардлагатай. Мөн аутизмтай хүүхэдтэй ажиллах багш тусгайлан бэлтгэгдсэн байх ёстой. Бид энэ жилээс аутизмтай хүүхдийг хүлээн авч, багш нартайгаа хамт суралцаад явж байна” гэв.


Тус цэцэрлэгт тулгамдаж буй асуудлынхаа талаар, “Бидэнд харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан стандарт зам шаардлагатай байна. Манай улсын гудамж талбайд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан стандарт замтай ч сургууль, цэцэрлэгийн орчинд тусгай зам байдаггүй. Манай цэцэрлэгийн хүүхдүүд хамран сургах тойрогт хамаардаггүй учир Улаанбаатар хотын бүх дүүрэг, хөдөө орон нутгаас хамгийн ойрдоо 2 км, Налайх гэхэд л 40 км-ээс ирдэг. Тэгэхээр тэдэнд унааны асуудал маш хүнд. Бид энэ асуудлыг БСШУСЯ-нд тавьсан. Яамны зүгээс шийдэж өгвөл хойд талын 2 тусгай сургуультай нэгдэн 5 автобустай болно. Тэгвэл 5 чиглэлд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөвөл цэцэрлэгт хамрах хүүхдийн тоо нэмэгдэж, эцэг эхчүүдийн амьдралд, эдийн засгийн хувьд ч нэлээн дэмжлэг үзүүлнэ” хэмээн багш Б.Хулан ярилаа.


Өдөрлөгийн үеэр тус цэцэрлэгт хүмүүжиж байгаа хараа,сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд хүрэлцэн ирсэн зочдод урлагийн тоглолт сонирхуулав.

 

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻