БСШУСЯ-ны Жендэрийн ажлын хэсэг ирэх оны ажлаа төлөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн Жендэрийн ажлын хэсэг ирэх оны төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Дээд боловсролын шинэчлэлийн төслийн Жендэрийн ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд
дээд боловсролын салбарын эрх зүй, бодлого болон ерөнхий суурь эрдмийн
хичээлийн агуулга, сурах бичгийн жендэрийн мэдрэмжтэй байдалд дүн шинжилгээ
хийжээ. Сургуулийн бодлого хөтөлбөр, төсөвлөлт, элсэлтийн бодлого зэргийг жендэрийн
мэдрэмжтэй болгох, багш нарт аливаа асуудалд эрх тэгш байдлын үүднээс хандах ур
чадвар эзэмшүүлэх зорилгын үүднээс найман чиглэлээр сургалтын гарын авлага
боловсруулж, удирдамж, бодлогын зөвлөмж гаргаад байна.
Ирэх онд бэлэн болсон судалгааны тайлан, зөвлөмжөө зорилтот хүмүүст
хүргэх, нөлөөлөх, мэдлэг ур чадвар эзэмшүүлэх ажлыг төлөвлөжээ. ЭЕШ-аас өмнө их
дээд сургуульд элсэх өсвөр үеийнхэн болон эцэг эх, багш нарт жендэрийн тэгш байдлын
талаар ойлголт өгч жендэрийн нийцтэй орчинд суралцах, жендэрийн мэдлэг
боловсролыг нас, хүйс, ажил мэргэжлийнхээ онцлогт тохирсон байдлаар эзэмших
боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байгаа аж.