Чен Хунсай: Шинжлэх ухаан, инновацийн үйл ажиллагаа явуулж буй компаниудыг төрөөс дэмжих ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-12-20 18:02:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны паркийн захиргаанаас өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны парк, инновацийн боловсон хүчнийг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр Өвөрмонголын гадаад оюутны энтерпренершил паркийн захирал Чен Хунсайтай уулзаж ярилцав.

-Дэлхийн шинжлэх ухаан, инновацийн хөгжил таны бодлоор ямар түвшинд байна вэ. Тэр дундаа БНХАУ-ын инновацийн хөгжил хэр хурдацтай байна вэ?

-Шинжлэх ухаан технологийн инкубатор төвийн хөгжлийн хандлага бол нэгдүгээрт мэргэшсэн байх, олон улсын хамтын ажиллагаа хөгжүүлэх гэсэн чиглэлтэй байдаг. Шинэ технологи, санаачилга нь  ганцхан улсын шинжлэх ухаан технологийн инкубаторт өсч бойжих биш 2-4 улс орон хамтарч шинэ технологи гаргах олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудад хамтран ажиллах асар их боломж бий. Шинжлэх ухаан инновацийн хөгжил нь БНХАУ-ын хувьд ч гэсэн ялгаагүй дэлхий нийтийн жишгээр Шинжлэх ухаан технологийн инкубатор төв нь салбар салбараа даган мэргэших чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллахаас гадна бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорьж ажиллаж байна. Бидний хувьд  гадны Шинжлэх ухаан технологийн инкубатор төвийн судлаачдын баг манай улсад ирж ажиллах, манай улсын инкубатор төвийн баг гадны улс оронд очиж ажиллаасай гэж хүсдэг. 

-Шинжлэх ухаан, инновацийн хөгжлийг улсаас нь хэрхэн дэмжиж ажилладаг вэ?

-БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Шинжлэх ухаан технологийн инкубатор төвийг хөгжүүлэх тухай журам баталсан. Тэгэхээр хуультай болж байна гэсэн үг. Ер нь Хятадын Засгийн газрын цахим хуудаснаас Шинжлэх ухаан технологийн инкубатор төвийн мэдээллийг үзэх бүрэн боломжтой.БНХАУ-ын Засгийн газар, Шинжлэх ухаан технологийн яам  бусад яамтай хамтран хэрхэн Шинжлэх урхаан технологийн инкубатор төвийг хөгжүүлэх талаар тусгасан журмыг заалт бүрээр нь хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг. Засгийн газар төсөв батлахдаа БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яаманд шинэ технологи, санаачилга, бүтээл гаргахыг дэмжиж санхүүжилтийг илүү хуваарилдаг. Энэ бол БНХАУ-ын Засгийн газрын зүгээс Шинжлэх ухаан технологийн инкубатор төвийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, дэмжлэг юм.

-Гарааны компаниудыг ямар шалгуураар инкубатор төвдөө бойжуулдаг вэ?

-Тухайн аж ахуйн нэгж нь Шинжлэх ухаан технологийн инкубатор төвд элсэн орохын тулд хуулийн этгээд байх ёстой. Хоёрдугаарт тухайн хуулийн этгээд буюу ААН нь өөрийн гэсэн оюуны өмчийн лицензтэй байх шаардлагатай. Гуравдугаарт ААН, компани ганцаараа биш багаараа байх ёстой. Тухайн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж оюуны өмчийн патенттай, ажлын багтай байх ёстой гэсэн үг. Тэгэхээр Шинжлэх ухаан технологийн инкубатор төв нь тухайн ААН-д хөрөнгө мөнгө, зах зээл хайж өгөх, Засгийн газрын дэмжлэгийг олж өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.  

-Төсөл амжилтгүй болох тохиолдол гардаг уу, ямар шалтгаан нөлөөлдөг вэ?

-Шинжлэх ухаан технологийн инкубатор төвд шинэ технологи, санаачилга, бүтээл, оюуны патент авахаар ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг 3 жилийн хугацаанд Засгийн газрын зүгээс хянадаг. Энэ хугацаанд эдгээр компанийн 30 хувь нь ажлаа амжилттай явуулж чаддаг бол 30 хувь нь унадаг. Харин 40 хувь нь үлдэж ажлаа  үргэлжлүүлдэг. Тэдэнд  дахин хоёр жилийн хугацаа өгдөг. Хоёр жилийн дараа дахин унах юм бол Засгийн газраас асар их дэмжлэг авсан компаниуд ялагдахад Засгийн газар ямар нэг хариуцлага нэхдэггүй, мөнгөө буцааж авдаггүй.


-Монгол Улсад шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхэд юуг анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан технологийн танхимаас Монгол Улсын БСШУСЯ-тай хамтран Улаанбаатар хотноо  шинжлэх ухаан технологийн инкубатор төв байгуулах сургалтын төсөл хэрэгжиж байна. Шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай хоёр асуудал бий. Үүнийг хийснээрээ заавал үр дүнд хүрнэ гэсэн итгэлтэй байх ёстой. Монгол залуус асар их итгэл үнэмшилтэй. Тэдний итгэл үнэмшлийг хугалж болохгүй, өөрсдөө итгэл алдарч болохгүй. Түүнчлэн Шинжлэх ухаан технологийн инкубатор төвд өсч бойжиж байгаа гарааны компаниуд  заавал шинэ бүтээл оюуны өмчийн патент гаргаж улс орныхоо хөгжилд хурдан хүрэх галт тэрэгний хөдөлгөх хүч болох юм. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Шинжлэх ухаан технологийн инкубаторт өсч хөгжиж байгаа шинэ оюуны бүтээл, инноваци, технологийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудыг төр засаг дэмжих ёстой гэсэн уриалга нийтлэл бичиж сурталчилж байх ёстой. Ийм мэдээлэл цацсанаар ард иргэд улс оронд ашигтай байгууллагыг төрөөс ихээхэн анхаарч хөрөнгө оруулалт хангалттай хийх ёстой гэсэн ойлголттой болж чадвал монголчуудад үр дүнтэй байх болно. 

相关新闻