МУИС-ийн 9 хөтөлбөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-04 09:48:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /БМИҮЗ/-өөс МУИС-ийн Биологи, Биотехнологи, Газар зүй, Газар зохион байгуулалт, Геологи, Математик, Физик, Экологи, Компьютерийн сүлжээ хөтөлбөрийг магадлан итгэмжилж, гэрчилгээг гардуулав.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд дээрх 9 хөтөлбөрөөс гадна Мэдээллийн технологи болон Электроникийн хөтөлбөр 2018 онд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдэж уг үйл ажиллагаа 100 хувийн амжилттай хэрэгжлээ. Үүнээс гадна уг төслийн хүрээнд болон МУИС-ийн дотоод санхүүжилтээр Мэдээллийн технологи, Програм хангамж, Хими хөтөлбөр олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн билээ.

МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө үндэсний хэмжээнд, шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрүүдийн 50 хувийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд магадлан итгэмжлэлийн мастер төлөвлөгөө гарган шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

Ийнхүү 2018 онд 3 хөтөлбөр олон улсын хэмжээнд, 11 хөтөлбөр дотоодод магадлан итгэмжлэгдсэнээр дээрх зорилтод хүрэх том алхам болж байна. 

相关新闻