Завхан аймаг 2018 онд хүүхдийн сурч хүмүүжих таатай орчин нөхцлийг бүрдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй орон
нутаг” хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Завхан аймагт 496.600 ам.долларын хөрөнгө
оруулалтын ажил хийхээр төлөвлөж, ажлын төлөвлөгөө, гэрээнд гарын үсэг зурлаа.
Хүүхдэд ээлтэй хөтөлбөрийн хүрээнд энэ онд хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол
тэжээл, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж, ашиглалтыг сайжруулж
эрүүл, чанартай сургалтын орчин дахь боловсролын үйлчилгээний хүртээмжийг
нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй тогтолцоог бий болгох чадавхыг нэмэгдүүлэх зорилтыг
тавьж ажиллах юм байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй
орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд Завхан
аймагт 2017-2021 онд таван жилийн хугацаатай энэ хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн НҮБ-ын
Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр нь 2021 он
гэхэд Монгол Улсын хамгийн боломж муутай эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд,
хоол тэжээл, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж, ашиглалт нь
сайжирсан, хүүхдийн эсэн мэнд амьдрахад агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах
гэхчлэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажээ.
Хүүхдэд ээлтэй төсөвлөлтийг төлөвлөж
ажиллана гэв
Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд Завханд Сангийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн
хамтарсан “Хүүхдэд ээлтэй төсөвлөлт” сургалт болж 24 сумын Засаг дарга болон
шийдвэр гаргах түвшний удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ: -“Завхан аймаг өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу 2018 онд хүүхдэд ээлтэй
орон нутаг болох зорилгын хүрээнд олон ажил хийж, маш их ахиц дэвшил гарсныг
харлаа. Хүүхдийн тав тухтай, тохилог, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсроход
онцгойлон анхаарал хандуулж, сургууль, цэцэрлэг, дотуур байруудад хөрөнгө
оруулалт хийснээс гадна малчдын зургаан настай нэгдүгээр ангийн хүүхдүүдэд
зориулж “Гэр өргөө” байгуулсан нь шинэлэг ажил болжээ. Цаашид зам тээврийн
аюулгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр өргөн
хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар яагаад
хүүхдэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, төсөв хөрөнгөө хэрхэн үр дүнтэй
зарцуулах талаар мэдээлэл өглөө. 2019 онд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа
үргэлжлүүлэхээс гадна хамгийн гол нь уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн
эрсдлийг бууруулахад анхаарч ажиллана” гэлээ. Харин Завхан аймаг хүүхдэд ээлтэй хөтөлбөрийн зорилтуудаа амжилттай
хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй төсөвлөлтийг бий болгож шат шатны төрийн болон
ТББ-ууд, бүх салбарын хэмжээнд хүрч ажиллахаа илэрхийлэв.