Хэсгийн ахлагч нарын ажиллах нөхцөлөөр хангахыг сумын удирдлагад даалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-17 22:23:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга багуудад ажиллаж байгаа хэсгийн ахлагч нарыг зөөврийн компьютерээр хангах, утасны нэгжний асуудлыг шийдэхийг Баян-Өндөр сумын удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн хэсгийн ахлагч нарын гаргасан санал, хүсэлтийн мөрөөр ажлын төлөвлөгөө гаргаж биелэлтийг нь байнга мэдээлж, гэр хорооллын хэсгийн ахлагч нарын аюулгүй байдалд анхаарч ажилла хэмээн даалгав.

Нэг хэсгийн ахлагч 1-2 багийг хариуцан иргэдэд төрийн мэдээллийг хүргэх, багийн Засаг дарга болон удирдлагуудаа мэдээллээр хангах, судалгаа авах зэрэг олон ажил хийдэг. Тэд сард 250 мянган төгрөгийн цалин авдаг тул банкнаас зээл авах шалгуурыг нь хангадаггүй, дөрвөн жил ажиллаад ажлаас чөлөөлөгддөг, шөнө оройн цагаар ажлаа хийж явахдаа элдэв эрсдэлд өртөх тохиолдол цөөнгүй гардаг гэж байна.

Мөн ажлаа гүйцэтгэхдээ өөрсдийн хувийн утсаар иргэдтэй ярилцах, судалгаагаа цаасаар авдаг тул гээж үрэгдэх, унааны зардлаа өөрсдөө гаргадаг учир үүнийг шийдэж өгөх хүсэлтийг хэсгийн ахлагч нар аймгийн Засаг даргатай уулзах үеэрээ тавьжээ.

Хэсгийн ахлагч нар нь анх 60 мянган төгрөгийн цалинтай байсан бол одоо 250 мянга болжээ. Тэд багийн ажлын албатай гэрээ байгуулан гэрээт ажилтнаар ажилладаг юм. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын 24 багт ажиллаж багийн 105 хэсгийн ахлагч ажиллаж байна.

相关新闻