Наоми Китахараг “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахараг томилолтын хугацаа дуусч эх орондоо буцах гэж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Наоми Китахара нь Монгол Улсад ажиллах хугацаандаа залуучуудын хөгжил, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудал, ЕБС, цэцэрлэг, дотуур байрны эрүүл ахуйг сайжруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлсэн юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НҮБ-ын Хүн амын сантай өрнүүлж
буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа
илэрхийлээд энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд санаачилга гарган
ажиллаж, бүх талаар дэмжлэг үзүүлж, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь
өндрөөр үнэлж хатагтай Наоми Китахараг “Боловсролын тэргүүний ажилтан” цол,
тэмдгээр шагналаа.
НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын салбарт олон төсөл хэрэгжүүлж үр дүнд хүрсэн. Мөн
тодорхой хугацааны дараа үр дүн нь гарах олон ажлыг хамтдаа эхлүүлсэн
гэдгийг БСШУС-ын сайд онцлов. Тухайлбал, олон жил тасарсан эрүүл мэндийн хичээлийн
хөтөлбөрийг сэргээж оруулсан нь эцэг, эхчүүд болон олон нийтээс талархал
хүлээгээд байгаа. Хатагтай Китахарагийн хувьд, БСШУСЯ-тай хамтарч
хэрэгжүүлсэн төслүүдээ дэмжин ажилласнаас гадна НҮБ-ын харьяа байгууллагуудыг
идэвхжүүлж, манлайлан ажилласанд нь талархаж байгаагаа Ц.Цогзолмаа сайд
илэрхийлсэн юм.
Уулзалтад НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүн
Каори Ишикава байлцлаа. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнийг НҮБ-ын Хүн амын
сангийн Монгол дахь салбарын тэргүүнээр ажиллах болсонд баяр хүргэн, тус
сантай цаашид олон хөтөлбөр, төслүүдэд
хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.