Хос бичиг бүхий “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл мэндэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн Зохиолчдын холбооноос санаачлан кирил болон монгол бичгээрх “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүлийн анхны дугаарыг эрхлэн гаргалаа.
Тус сэтгүүл нь хүүхэд залууст зориулан хос бичгээр гарч байгаа Монголын анхны тогтмол хэвлэл гэдгээрээ онцлог юм.
Төр засгаас монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар удаа дараа шийдвэр гаргаж, үндэсний бичгээ сурч судлах, өвлөн эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гарган ажиллахыг бүх шатны байгууллагуудад уриалж байгаа.
Хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдээлэлтэй, мэргэжлийн түвшний сонин, сэтгүүл өнөө үед ховор байгаа. Тиймээс хүүхдүүд интернэтэд хяналтгүй нэвтэрч, насанд хүрэгчдийн мэдээллийг ч өнгийх зэргээр буруу үлгэр дууриал авах болсон. Иймд энэхүү сэтгүүл нь үндэсний өв соёл, зан заншил, ахуй уламжлалыг таниулж, хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлж унших дуртай хэвлэл нь болох зорилго өвөрлөжээ.
Анхны дугаарт 1000 гаруй жилийн түүхтэй монгол бичгийн тухай, Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан, Франц Улсын иргэн Стив Моррелийн “Монгол бичиг их энерги, эрч хүчийг хүнд өгдөг” ярилцлага, Уран бичээч Д.Батбаярын тухай “Тэнгэрийн бичиг амилуулагч” хөрөг нийтлэл, калиграфи буюу уран бичлэгийн тухай нийтэлжээ.
Мөн “Алтан сургаалийн дээжис” буланд оюуныг нээгч
Оюунтүлхүүр, Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн “Гурамсан сүлжээ
сургаал”-аас оруулжээ.
“Өв соёл” буланд хуур урлаач Д.Дэмчиггаравын “Миний хийсэн
хөгжмийн зэмсгүүд хийсвэр уран санаа биш, өв соёлоо сэргээн амьдруулах
гэсэн мөрөөдөл минь” ярилцлага, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн
хуурч” зургийн тухай “Өвгөн хуурч”-ийн нууц, “Говийн домог” киноны тухай олон
сонирхолтой бүтээл нийтэлжээ.
Түүнчлэн эрдэмтэн,
зохиолч Б.Ренчиний “Монгол хэл” шүлэг, хүүхдийн яруу найргийн наадмын
шагналтай, авьяаслаг найрагч хүүхдүүдийн бүтээлээс сэтгүүлд дээжлэн танилцуулсан байна.