Д.Амар: Багш бэлтгэх системийг өөрчлөх хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны байдлаар улсын төсвийн 16.6 хувийг боловсролд зарцуулж байгаа бөгөөд цаашид ч хүүхэд бүрийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангахад онцгой анхаарна хэмээн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.
Тус хурлыг Монгол
Улсад Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд БСШУСЯ,
Монголын ахмад багш нарын холбоо хамтран зохион байгууллаа.
1924 оны Ардын
Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор Ардыг гэгээрүүлэх яам байгуулах шийдвэр
гарснаар өнөөгийн БСШУСЯ болж ард иргэдийг боловсрол мэдлэгтэй, шинжлэх ухаанч болгох, соёл ураг, спортыг өргөн хүрээнд хөгжүүлэхийн төлөө бодлого үйл
ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Хурлыг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ, “Монгол Улс хүүхэд, залуучуудынхаа боловсролын асуудлыг шийдвэрлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, цаг ямагт анхаарсаар ирсэн. Энэ оны байдлаар улсын төсвийн 16.6 хувийг боловсролд зарцуулж байгаа бөгөөд цаашид ч хүүхэд бүрийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай боловсролыг хөгжүүлэхэд онцгой анхаарлаа хандуулж, шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх болно. Эрдэм шинжилгээний хурлын үр дүнг бидэнтэй хуваалцаж, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх замаар багшийн ур чадварыг сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Монголын ахмад багш
нарын холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат багш Д.Амар, “Монголын ард
түмэн өнөөдөр өндөр
боловсролтой болсон нь Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдсаны түүхэн үр дүн юм. Ардыг
гэгээрүүлэх яам иргэдийг соён гэгээрүүлэх, эрдэм боловсролтой болгоход анхаарч ирсэн. Мөн ялангуяа эмэгтэйчүүдийг
бичиг үсэгтэй болгохыг дүрэмдээ
заасан. Ингэж 600 насанд хүрэгсдийг тусгай сургуулиар бэлтгэсэн. 1922 оноос багшийн
сургууль байгуулагдаж багш төдийгүй хуульч, худалдааны мэргэжилтэнг бэлтгэж эхэлсэн юм. Бага ангийн суурь боловсролоос бүх зүйл шалтгаална. Сургуулийн өмнөх
болон бага ангийн багшийг системтэй бэлтгэх ёстой. Багшийг бэлтгэж байгаа сургууль бол
сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, заах аргыг маш сайн эзэмшүүлэх ёстой. Тиймээс
одоогийн багш бэлтгэх системийг эрс өөрчлөх хэрэгтэй” хэмээн ярилаа.
Хурлын үеэр соён гэгээрүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг нь
үнэлж Төрийн соёрхолт, Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор,
профессор Ж.Лхамсүрэн, Төрийн соёрхолт, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат
зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор О.Гэрэл нарыг БСШУСЯ-ны хүндэт
өргөмжлөлөөр шагнасан юм.