Боловсролд хөрөнгө оруулахгүй байх нь нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-01-25 10:57:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-аас зарласан Боловсролын Олон улсын өдөр өчигдөр тохиосон бөгөөд энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей дэлхийн улс орнуудад илгээлт ирүүлжээ.

Илгээлтэд, “Тэгш хамран сургах боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийг насан туршдаа суралцах боломжоор хангахгүйгээр бид ядуурлыг таслан зогсоож сая сая хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн амьдралыг дээшлүүлж чадахгүй. Бүх нийтийн боловсролын төлөө улс төрийн үүрэг амлалт өгөхгүйгээр бид цаг уурын өөрчлөлтийг бууруулах, технологийн хувьсгалд дасан зохицох, жендэрийн тэгш байдлыг хангаж чадахгүй” гэдгийг онцолсон байнаТэрбээр цааш нь, “Энэ өдөр суурь зарчмуудыг дахин бататгах бололцоог бидэнд олгож байна.

  • Нэгд, боловсрол бол хүний эрх, олон нийтийн сайн сайхан байдал, хамтын хариуцлага юм.
  • Хоёрт, боловсрол бол боломж бололцоо эрэлхийлж, инновацид түшиглэн эрүүл мэндийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, хамгийн уян хатан, тогтвортой нийгмийг цогцлооход голлох үүрэг гүйцэтгэх хамгийн хүчирхэг хөдөлгөгч хүч юм.
  • Эцэст нь, боловсролын төлөөх хамтын хүчин чармайлтыг нэн даруй дэлхийн түвшинд гаргах шаардлагатай байна” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.


  • Дэлхий нийтэд нэн тулгамдаж буй асуудлуудыг дараах статистик тоо баримтаас тодорхой харж болно. Тухайлбал, 262 сая хүүхэд сургуульд огт хамрагдахгүй байна.


Дэлхийн хэмжээнд 617 сая хүүхэд, өсвөр насныхан уншиж, бичиж, тоолж чадахгүй байна. Сахар орчмын Африкийн орнуудын нийт охидын 40-өөс бага хувь нь зөвхөн бүрэн дунд сургууль дүүргэсэн ба 4 сая хүүхэд, өсвөр насныхан амьдарч буй газраасаа дүрвэж сургуульд явж чадахгүйд хүрчээ.


Үүнээс гадна зөрчил, мөргөлдөөнөөс болж боловсрол эзэмших ёстой хүүхэд багачуудын амьдрал хэвийн бус байдалд үргэлжилж байна. Дэлхий дахин Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгыг хангах шатандаа хүрээгүй байгаа тул дэлхийн хамтын ажиллагаа, хамтарсан үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Бидэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл бол бүх түвшинд хүн бүрийн оролцоог хангасан, тэгш байдлыг дэмжих замаар хэнийг ч ардаа үл орхин, хүн бүрд боловсрол олгох явдал юм.


Боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг ахиулахгүй байх нь нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг



Боловсролын олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ охид, эмэгтэйчүүд, шилжин суурьшигчид болон дүрвэгсдийн боловсролд онцгой анхаарч, багш нарыг дэмжих, боловсрол, сургалтыг жендэрийн мэдрэмжтэй болгоход онцгой ач холбогдол өгөх шаардлагатай байна. Боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг ахиулахгүй байх нь нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх тул дотоодын эх үүсвэр болон олон улсын тусламжийг эрчимжүүлэх шаардлагатай байна. ЮНЕСКО-оос Боловсролын олон улсын өдрийг тэмдэглэхэд дэмжлэг үзүүлэхийг та бүхэнд уриалж байна. Бид бүгд боловсрол эзэмших чин хүсэл эрмэлзэлтэй байдаг ба амлалтаа биелүүлэхийн тулд хамтдаа ажиллацгаая” гэж илгээлтэд дурджээ.


Тодруулга: Өнгөрсөн оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас жил бүрийн нэгдүгээр сарын 24-ний өдрийг “Боловсролын олон улсын өдөр” хэмээн тэмдэглэхээр тунхаглан зарласан юм. Энэхүү чухал шийдвэр нь "Дэлхий ертөнцийг өөрчлөх: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-т боловсрол чухал үүрэг гүйцэтгэхийг тодотгон харуулж байна гэж олон улсад үзэж байна.

 

相关新闻