Олон улсын Монгол судлалын холбоо салбар төвөө нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-01 20:05:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Монгол судлалын холбооны салбар төвийг Улаанбаатар эрдэм их сургуульд өнөөдөр нээлээ.

Тус төв нь Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын хүрээнд Монгол судлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, бусад төвүүдтэй нээлттэй зарчмаар хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэжгүүлэх, богино хугацааны сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулах юм.


Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С. Чулуун хэлэхдээ, “Олон улсын Монгол судлалын холбоо анх 1959 онд сууриа тавьж, 1972 онд Байнгын хороо, 1987 онд  бие даасан байгууллага болж байгуулагдсан. Энэхүү холбоо нь монгол судлалын бодлого, үйл ажиллагаа, мэдээлэл, эрдэмтдийн харилцааг зохицуулах үүрэг бүхий цорын ганц байгууллага юм.  Олон улсын Монгол судлалын холбоо эх орондоо төвлөн оршиж байгаа нь дэлхийн монголыг судлах судалгааны төв нь Монгол Улсад байгаагийн баталгаа болж байна. Сүүлийн жилүүдэд бодлого, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд нэлээд ажил хийж байгаа. Үүний нэг нь бүс нутагт бүсчилсэн монгол судлалын олон улсын хурал зохион байгуулахаас гадна салбар төвүүдийг АНУ, БНХАУ, Казахстан зэрэг улсад байгуулаад байна. Мөн Монгол Улсад тодорхой судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг газруудад төвлөж салбараа байгуулж байгаа. Улаанбаатар эрдэм их  сургуулийн дэргэд салбар төвтэй болж байгаа нь монгол судлалын бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэх, хувийн их, дээд сургуулиудын эрдэм судлалын нөөц, боломжид тулгуурлан цаашид оюутан, магистр, доктор, эрдэм шинжилгээний ажилтнуудыг татан оролцуулах зорилготой” гэв.


Тус сургуулийг үүсгэн байгуулагч, академич, доктор, профессор Т.Дорж, ”Улаанбаатар эрдэм их сургуульд БНХАУ, ОХУ, Киргиз зэрэг орноос оюутнууд суралцдаг. Тиймээс дэргэдээ төвтэй болсноор гадаадын их, дээд сургуулиудтай хамтран судалгаа шинжилгээ хийх, эх орноо олон улсад сурталчлах, Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, монгол судлалын чиглэлээр улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад дөхөм болно” гэв.

Дашрамд дурдахад, Олон улсын Монгол судлалын холбоонд 36 улс багтдаг. Монгол эрдэмтэдтэй нийлээд 800 орчим гишүүнтэй бөгөөд идэвхтэй нь 200-300 гишүүн байдаг аж. 

相关新闻