Төрийн албаны зөвлөл салбар зөвлөлийн ажлыг дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-15 16:50:32

Төрийн албаны зөвлөлийн 8 дугаар хуралдаанаар салбар зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайлангийн дүнг хэлэлцлээ.

Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн онд үйл ажиллагаа явуулсан 52 салбар зөвлөл тайлангаа ирүүлсэн байна. Тайлангийн дүнгээр аймаг, нийслэл дэх салбар зөвлөлүүдээс Сэлэнгэ, Өмнөговь, Орхон аймаг тэргүүлсэн бол яамдаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөл 72.3, агентлагуудаас Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл 78.6 хувьтай тус тус дүгнэгдсэн байна. Салбар зөвлөлүүдийн өнгөрсөн оны үйл ажиллагааны үнэлгээний дунджийг өнгөрсөн жилийн үнэлгээний дундажтай харьцуулан үзвэл яамны дэргэдэх салбар зөвлөлийн үнэлгээ 2,5 хувь, агентлагийн дэргэдэх салбар зөвлөлийн үнэлгээний дундаж 8,9 хувь буурсан, аймаг нийслэл дэх салбар зөвлөлийн үнэлгээний дундаж 10,6 хувь өссөн үзүүлэлттэй байна.

2015 онд Булган, Говьсүмбэр, Орхон, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс аймаг дахь салбар зөвлөл, Хөдөлмөрийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлүүд үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангаж, сонгон шалгаруулалтыг зар, салбар зөвлөлийн хуралдааны тойм, төрийн жинхэнэ албанд нэр дэвшүүлж, нөөцөд бүртгэсэн шийдвэрийг сайтдаа байнга байршуулан, шинэчлэхийн зэрэгцээ Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд сонгон шалгаруулалтын комиссын даргаар ээлжлэн ажилладаг. Завхан, Увс аймаг дахь салбар зөвлөл төрийн албан хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, гаргасан саналыг үйл ажиллагаандаа тусгасан, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын албан хаагчдыг мэдээллийн карттай болгож, ил тод байршуулж ажилласан зэрэг нь төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шинэлэг ажлын нэг болсон байна.

Мөн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл бүрэлдэхүүнээрээ Сэлэнгэ, Хэнтий аймгийн туршлагыг судлахын зэрэгцээ Говь-сүмбэр аймаг дахь салбар зөвлөл бүрэлдэхүүнээрээ Төрийн албаны зөвлөл ажлын албатай уулзан хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Зөвлөлийн хуралдаанаар салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны тайланг хэлэлцээд, хуралдаанаас гарах тогтоолын хамт зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

相关新闻