Дэд бүтцээ шийдвэл эрдэс баялгаа дэлхийн зах зээлд гаргах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-16 13:37:04

Монгол улс дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдэж чадвал Япон, Солонгос болон Европ тивийн зах зээлд эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломжтойг Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр болсон Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” сэдэвт олон улсын семинарын үеэр онцлов.

ГХЯ-наас зохион байгуулж буй уг семинар нь энэ сарын 17-ныг дуустал болох бөгөөд Монгол, Киргиз, Зүүн-Тимор болон Норвегийн уул уурхайн салбарын өндөр албаны төлөөлөгчид оролцож, ашигт малтмалын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдээ танилцуулж, туршлага солилцож байна.

Норвеги улс уул уурхайн салбраа байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж  нөхөн сэргээлт болон байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн хариуцдаг байна. Туслан гүйцэтгэгч компанийн бохирдуулсан орчинг ч тусгай зөвшөөрөл эзэмшигч толгой компани хариуцан нөхөн сэргээдэг аж. Энэ нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гол тулгуур болж буйг Норвегийн Осло төвийн шинжээч Эйнар Стееснас илтгэлдээ дурьдав.

Уул уурхайн сайд Р.Жигжид Норвегийн туршлагыг өөрийн орондоо нэвтрүүлэх шаардлагатай байгааг илтгэлийнхээ эхэнд дурьдаад Монгол Улсын эрдэс баялгийн салбрын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

Монгол Улс алтны 2400 тонн, нүүрсний 23 тэрбум тонн, зэсийн 83 сая тонн, төмрийн хүдрийн 1 тэрбум тонн нөөцтэй бөгөөд байгалийн баялгаараа дэлхийд 10 дугаарт жагсдаг байна. Цаашдаа энэхүү нөөц улам бүр нэмэгдэх боломжтой юм. Уул уурхайн бүтээгдэхүүний орлогоороо ДНБ-ний 18 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 хувь, төсвийн орлогын 21 хувь, экспортын 80 хувийг бүрдүүлдэг Монгол Улсын хувьд бүтээгдэхүүнээ Европын зээх зээлд нэвтрүүлэх, орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой байгааг Р.Жигжид сайд энэ үеэр онцлон тэмдэглэв

Тэрбээр, “УИХ “2014-2025” онд Монголын төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Уг баримт бичигт хувийн хэвшилд түшиглэсэн ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж,  байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт техник технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын хайгуул, олборлолтын чанарыг дээшлүүлэхээр тусгасан. Энэхүү баримт бичгийг хэрэгжүүлснээр эрдэс баялгийн хайгуулын ажил эрчимжиж, нөөц өсөх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ хэмээн үзэж байна” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻