ОХУ-ын “МИФИ”-г монгол оюутан улаан дипломтой төгсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Цөмийн үндэсний судалгааны их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтөөр дээд мэргэжил эзэмшсэн гадаадын 113 оюутанд дипломыг нь гардуулах ёслол энэ сарын 19-нд болов.
Энэ жил тус сургуулийг гадаадын дөрвөн иргэн “Онцсайн”
дүнтэй буюу улаан дипломтой төгсөж байгаа бөгөөд тэдний нэг нь Монголын төгсөгч О.Гүрбазар юм.
Цөмийн эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэх энэхүү
сургуулийг онцсайн дүнтэй төгссөн оюутнуудад дипломыг нь тус сургуулийн ректор
М.Н.Стриханов гардуулан, баяр хүргэж үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, “Манай сургууль нийтлэг чансаанд улсын
нэгдсэн шалгалтын дүнгээр Орост эхний тавд, дэлхийд эхний 100-д эрэмбэлэгдэж
байна. Хэрэв цөмийн чиглэлийн сургуулиудыг төрөлжүүлэн эрэмбэлэвэл бид дэлхийд
тэргүүлэх байр суурийг эзэлнэ” хэмээв.
Диплом гардуулах ёслолын дараа хүндэт зочид
болон Элчин сайдын яамдын төлөөлөгчдийг тус сургуулийн удирдлага хүлээн авч
уулзаж оюутнуудын сурлагын байдал, сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.
Энэ үеэр тус сургуулийн удирдлагууд “Хэдийгээр Монголоос манай сургуульд цөөн
оюутан суралцаж байгаа ч сурлагын чанар нь сайн байгаад бид сэтгэл
хангалуун байдаг. Өнгөрсөн онд хоёр оюутан манай сургуулийг төгссөнөөс нэг нь, энэ жилийн төгсөгч улаан
дипломтой төгсөж байна” хэмээн онцлоод “Цөмийн салбарын мэргэжилтэн тасралтгүй
суралцах шаардлагатай байдаг тул манай сургууль оюутнуудад суралцах арга барилыг
маш сайн олгоход онцгой анхаардаг” хэмээв.
Энэхүү ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг
төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, БСШУСЯ-ны төлөөлөгч
Ж.Баярхүү оролцон, монгол оюутны төлөөлөлтэй уулзаж харилцан сонирхсон
асуудлаар ярилцсан байна.