Дипломтой боловсон хүчнээс илүү мэргэжилтэн хэрэгтэйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-25 11:46:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг салбарын төрийн бус байгууллага, холбоодтой хийх эхний уулзалтаа Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудыг хүлээн авснаар эхлүүллээ.  

Сайд сургалтын хөтөлбөрийг өөрчлөхгүй, сурагч багш нарын ачааллыг бууруулахаар агуулгын давхардал байгааг цэгцлэх арга хэмжээ авна. Үүнийг судлахаар үндэсний баг ажиллаж эхлэх гэж байгааг танилцууллаа. Багшийн ачаалал буурлаа гэхэд авах цалин хөлсийг бууруулахгүй. Нэг цагийн үнэлгээг ахиу байхаар шийдвэрлэхийг зорино. Ингэснээр багшийн хөгжлийн асуудал, эрүүл мэндийн асуудал, цалин хөлс зэрэг олон зүйлд нааштай ахиц гарна гэв.

Мөн их, дээд сургуулийн тоог цөөлөх бодлогын талаар танилцууллаа. Монгол Улсад магадлан итгэмжлэл огт аваагүй 14 их, дээд сургууль бий. Тэдэнд магадлан итгэмжлэл олгохгүй байх үүргийг Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд өгсөн. Мөн Монгол Улсад дипломтой боловсон хүчнээс илүү мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэйг сайд тэмдэглэв.

Боловсролын тухай багц хуулийг боловсруулж байна. Хуулийн төслийг оновчтой нарийн боловсруулахын тулд ирэх сард салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, дөрөвдүгээр сард Ерөнхий сайдын ивээл дор Монголын багш нарын 7 дугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг танилцуулаад Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран оролцохыг хүсэв.

Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалин хөлс, нийгмийн халамж, эрүүл мэнд, орон сууцны асуудлын талаар нөхцөл байдлыг сайдад танилцууллаа. Түүнчлэн сургалтын хөтөлбөрт засаж сайжруулах зүйл их бий, сурагч багш нарын ачааллыг бууруулах, их, дээд сургуулийн тоог цөөлөх талаар сайдын баримталж байгаа бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.  

 

相关新闻