“Хүүхдийн овоо”-г хөгжил, хүмүүжлийн цогцолбор болгох санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-25 14:47:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар хамтран Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь “Хүүхдийн овоо”-нд хийсэн археологийн дурсгалын хайгуул болон сорилын малтлага судалгааны 2018 оны хээрийн шинжилгээний ажлын тайланг  өнөөдөр хэлэлцлээ. 

Тус нутагт хайгуул судалгааг хийсэн ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, багийн ахлагч доктор А.Энхтөрийн археологийн урьдчилсан хайгуул малтлага, судалгааны ажлын тайлан болон Халхгол сумын Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэн “Хүүхдийн овооны тухай” хийсэн түүхэн судалгааг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид тус түүх соёлын дурсгалт газрын орчим аялал жуулчлалыг хөгжүүлэх, уламжлалт аргад суурилсан хүүхдийн хөгжил, хүмүүжлийн цогцолбор болгох, өргөн хүрээнд судалгаа шинжилгээний баг ажиллуулах, санал санааачилгыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах зэрэг саналыг дэвшүүлсэн байна.

Улмаар Монгол Улсын хууль, тогтоомж, Засгийн газраас соёл, шинжлэх ухаан, боловсролын талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, зорилго зорилттой уялдуулан Дорнод аймгийн хэмжээнд түүх археологи, угсаатан зүйн цогц судалгаа явуулах шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан түүхэн дурсгалыг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.

相关新闻