Музейн нээлттэй өдрөөр 10 нас хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-26 11:36:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг 3 дугаар сарын 1-7-нд өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулна. Энэ жилийн тухайд  халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор, 10-аас доош насныханд үйлчлэхгүй байх, музейн үзвэрийн танхимыг 2 цаг тутамд цэвэрлэж, агааржуулж байх арга хэмжээ авах чиглэлийг БСШУСЯ-наас гаргаад байна. 
Мөн музейн эд хөрөнгө, үзмэр эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг хангаж, хязгаарлах бүс татах, тайлбар сануулга, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзвэрийн танхим дахь үзэгчдийн тоог зохистой түвшинд байлгах чиглэл өгчээ.

БСШУС-ын сайдын 2018 оны тушаалын дагуу, гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж эхэлсэн. Энэ нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм.


相关新闻