Одон орон, сансар судлалын чиглэлээр Энэтхэг улстай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-27 10:58:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхтэй уулзаж, хоёр улсын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. ШУА болон Энэтхэгийн үндэсний шинжлэх ухааны академи хооронд 2014 онд хамтран ойлголцлын санамж бичиг байгуулж, түүнээс хойш судлаачдыг солилцон ажиллуулж байгаа юм.

Уулзалтын үеэр, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол, Энэтхэгийн түүх соёлын хэлхээ, бурханы шашны холбоо зэргийг хоёр улсын эрдэмтэд хамтран судлах,  хамтран ажиллаж буй мэргэжлийн судалгааны чиглэлийг өргөтгөх саналтай байгаагаа хэллээ. Тухайлбал, мэдээллийн технологи (IT)-ийн чиглэлээр судлаачдыг орчин үеийн өндөр технологид суралцуулах, улмаар хамтарсан лаборатори мэдээллийн бааз Монголд байгуулах, одон орон, сансар судлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, эмийн болон нано технологийн чиглэлээр судлаач сургах, Энэтхэг улсаас мэргэжилтэн Монгол улсад урьж ажиллуулах, хүний нөөц бэлдэх үүднээс Энэтхэгийн техник эдийн засгийн хорооны (ITEC) дэмжлэгээр зарладаг англи хэлний урт болон богино хугацааны сургалтад ШУА-ийн судлаачдад ахиу орон тоо олгож өгөх хүсэлт тавьсан юм.  

Элчин сайд М.П.Сингх, “Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд ач холбогдол өгч ажиллах нь миний зорилтуудын нэг юм. Иймээс хамтын ажиллагааг шат дараалан бэхжүүлэхээ амлаад, эхний ээлжинд Энэтхэгийн техник эдийн засгийн хорооны тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу англи хэлний сургалтад ШУА-ийн залуу үеийг нэмүү тоогоор хамруулахад анхаарна” гэв.

Цаашлаад, Энэтхэг улсаас мэргэжлийн багш урин сургалт явуулах талаар хамтран  ажиллах нь зүйтэй.  ШУА-ийн ерөнхийлөгчийн тавьсан саналын хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нарийвчлан судлах салбарт хүний нөөцийг бэлтгэх ажилд тууштай хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

相关新闻