Олон улсын эрдэмтэд овоо тахилгын талаарх судалгаагаа танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-27 12:35:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Калифорни мужийн Беркли их сургуулийн Зүүн Ази судлалын төв дэх “Mongolia Initiative” болон Франц дахь Монгол судлалын төв хамтран энэ сарын 19-22-нд овоо тахилгын тухай эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, АНУ, Францын 10 гаруй  эрдэмтэн судлаач илтгэл тавив. Судлаачдын дийлэнх нь 1990-ээд оноос Монголд хээрийн болон нийгэм, соёл, aрхеологийн эрдэм шинжилгээний нарийвчилсан судалгааг он дараалан хийжээ. Тэд овоо тахилга, түүний гарал үүсэл, түүхэн тодотгол, хэрхэн өөрчлөгдсөн, цаашид хэрхэн авч үлдэх талаарх судалгаагаа танилцуулав. Тухайлбал, АНУ-ын Харвардын их сургуулийн Девон Дер Манж-Чин улс ба Оросын хаант гүрний хилийн дунд байрлах овоог судалсан байна. Тэрбээр судалгаандаа, чулуун овоо нь Манж-Чин улс болон Оросын хаант гүрний хилийн заагийг тодорхойлох үүрэгтэй байв. Чулуун овоон дээр хоёр тал уулзаж худалдаа арилжаа хийдэг байжээ. Тэр үеийн төрийн албан тушаалтан, хилийн цэргүүд хууль зөрчин наймаа хийдэг байжээ. Үүнээс гадна, чулуун овоонууд нь хилийн заагийг тодруулах маш чухал үүрэгтэй байсан бөгөөд, хоёр тал хоёулаа хиймэл овоо хийж, газар нутгийн маргааны асуудал ч үүсэж байсан түүхтэй ажээ.

 Франц улсын Université Catholique de Louvain их сургуулийн Bernard Charlier-гийн судалгаа нь Монгол Улсын нийгэмд тун ойр асуудлыг хөндсөн байв. Тэрбээр судалгаандаа, хөдөөнөөс нүүж ирсэн хүмүүсийг эх нутаг, уул усны савдаг, овоо шүтлэгээ санах, шинэ газарт дасахын зовлонг тодруулан өгүүлэв. Түүний судалгааны хамгийн чухал хэсэг болох, хөдөөнөөс нүүж ирсэн хүмүүс Улаанбаатарын болон бусад газрын эзэд, савдагтай нөхцөх, нийцэх, орхисон газар шороогоо мартахгүй байх талаар хүмүүстэй ярилцлага хийжээ. Настай хүмүүс ихэвчлэн эх нутаг, уул усаа санах нь их, санасны эцэст уран зураг зуруулан шинэ байрныхаа хананд хадсан байх жишээтэй. Насны эцэст төрсөн нутагтаа оршуулах тухай мөн өгүүлсэн байв.


АНУ-ын Сан Франциско их сургуулийн магистрант Л.Болор Монгол Улсын овоо тахилгын тухай нийгэм дэх үзэл баримтлалын судалгаа хийж, овоо тахилгын орчин тойрныг цэвэрхэн байлгах санал дэвшүүлэв. Энэхүү судалгаанд нийт 144 гаруй хүн оролцож, овоо тахилгын тухай сэтгэгдэл, санаа зовж буй асуудал, шийдлээ хуваалцжээ. Тэдний 75 хувь нь уул ус, овоо тахилгад итгэдэг, шүтлэгтэй, 60 хувь нь уламжлалт, монгол соёл, түүхээсээ шүтэж ирсэн учир итгэдэг, 20 хувь нь бөөгийн болон тэнгэр шүтлэгтэй учир итгэдэг гэж хариулжээ. Мөн 75 хувь нь овоо тахилгад очиж улс эх орныхоо энх тайван байдал, ойр дотныхоо хүмүүст эрүүл мэнд, аз жаргал хүсдэг гэжээ. Үлдсэн хувь нь элдэв хоол хүнс, хог новш, архины шил овоо тахилгыг бохирдуулан, орчин тойрны байгалийг сүйтгэж байна гэж хариулжээ. Түүний дэвшүүлж буй санал нь, уул ус, байгаль орчноо хамгаалдаг төрийн бус байгууллага, аймаг, сум, орон нутгийн хэмжээнд цэвэрлэгээ хийх боломж бий. Төрийн тахилгатай уулуудыг тахих нь төрийн хэрэг боловч, Монголчуудын байнга очдог овоог иргэд өөрсдөө цэвэрлэн, хайрлан, цаашид зөв тахих ёсыг дэлгэрүүлэн хэрэгжүүлэхгүй бол уул усаа хүндэлдэг, уул усны савдагтай газруудыг хог, новшоор дүүргэж байгаа нь Монгол ёс заншлын эсрэг үйлдэл гэдгийг сануулсан юм. 

相关新闻