"Монгол цэргийн өдөр"-т зориулсан хөгжимт жагсаал Чингисийн талбайд болов
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсад зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан "Улаанбаатар" цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчдийн хөгжимтэй жагсаал Чингисийн талбайд боллоо.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр Нийслэлийн таван цэгээс хөгжимтэй парадаар алхаж Чингисийн талбайд ирэв. Тодруулбал, зүүн 4 зам, баруун 4 зам, бага тойруу, баянбүрд, их хуралдай гэсэн 5 цэгээс алхаж, энэ үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарласан юм. Жагсаалд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС, Цэргийн хөгжмийн сургуулийн найрал хөгжим болон "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжмийн салаа оролцлоо.
Мөн үеэр БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Жагсаалд цэргийн албан хаагчдаас гадна бэлтгэл офицерууд хүрэлцэн ирсэн юм.
Энэ үеэр бэлтгэл хурандаа Б.Энхбаатараас сэтгэгдлийг нь сонсоход “Ах нь эр цэргийн сүр хүчийг илтгэсэн жагсаалаа харж хийморио сэргээхээр энд ирлээ. Би 1970 оны цэрэг. 1974 онд офицер болсон. Цэргийнхээ албыг Зүүнбаянд хааж тэндээ 17 жил ажиллаж амьдарсан. Ингээд нийт цэргийн алба хаагчид, үе үеийн байлдагч, ахлагч, офицерууддаа болон нийт эрчүүддээ баярын мэнд хүргэе” гэлээ.
С.Сайнзаяа
Гэрэл зургийг Б.Чадраабал