Үй Цай сургуулийн сурагч Г.Эрхэс хүүд амьдрал бэлэглэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-03 11:05:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын Үй Цай дунд сургуулийн багш, сурагчид сайн үйлсийн аяныг эхлүүллээ.

Тодруулбал, тус сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Г.Эрхэс нэг саяд ганц тохиолдох цусны өвчин тусч, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх болжээ. Түүний эмчилгээнд 500 сая вон шаардлагатай бөгөөд тэрээр одоо БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хэвтэж байгаа аж. Тиймээс тус сургуулийн багш, сурагчид  энэхүү аянд идэвхтэй оролцон Г.Эрхэс хүүд тусламжийн гараа сунган, амьдрал бэлэглэхийг уриалав.

Сургалтын менежер Г.Байгальмаа ярихдаа, “Манай сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Г.Эрхэс хүү өнгөрсөн 12 дугаар сараас хүнд өвчнөөр өвдөн, Солонгос улсад эмчлүүлж байна. Хүүгийн эмчилгээний зардал болон цаашид бүрэн эрүүл саруул болоход шаардагдах 500 сая вон бол жирийн ард иргэдийн халаасанд тэр бүр байдаггүй учраас бид эцэг, эх, хүүхэд багачуудын дэмжлэгээр бүрдүүлэхээс өөр аргагүйд хүрлээ. Тиймээс манай сургуулийн 4а ангийн эцэг эхийн зөвлөл аяныг санаачлан, 3 сая гаруй төгрөг цуглуулаад байна. Мөн сургуулийн “Тусч хүүхэд” сан гэж бий. Урлагийн шилдэг тоглолтоор концерт толилуулж, түүнийхээ орлогоор сангаа бүрдүүлдэг. Тус сангийн мөнгийг мөн цуглуулсан. Түүнчлэн сурагчдын дунд нэг өдрийн хандивын аян өрнүүлэхэд,  сурагчид ээж, аавынхаа өгсөн цайны мөнгөө хандивлалаа. Одоогоор аян улам өргөжиж, дунд ахлах ангийн сурагчид эцэг, эхийн зөвлөлтэйгөө хамтран ээж, аавынхаа албан байгууллагаар хандив цуглуулж байна. Зарим анги шүлгийн түүврийг эмхэтгэн хэвлүүлж, ном гарган, түүнийгээ борлуулан олсон орлогоо хандивласан. Сургуулийн хэмжээнд цуглуулсан хандивыг нэгтгэж үзэхэд 5 сая төгрөг хуримтлуулаад байна. Хандивыг энэ сарын 14-нд болох “Хайр дүүрэн дэлхий” хандивын тоглолтын үеэр хүүгийн ар гэрийнхэнд нь гардуулан өгнө. Мөн сургуулийн захиргаанаас аяныг өргөжүүлэн гадаад, дотоод төгсөгчдийн холбоо, хамтран ажилладаг сургууль, байгууллагуудад хүсэлт явуулж байгаа. Тиймээс монголын ард түмэндээ хандан хэлэхэд, “Амьддаа бие биеэ хайрла” хэмээн Г.Эрхэс хүүд тусламжийн гараа сунган, хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.


Аяны хүрээнд UB паласын концертын их танхимд болох “Хайр дүүрэн дэлхий” хандивын тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, Б.Дашдондог, Б.Бүрнээбаяр, Б.Сийлэгмаа, С.Вандан, Д.Дуламсүрэн, ятгачин, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, дуучин Б.Нармандах, Г.Ганхүү, Т.Дэлгэрмөрөн, Ц.Хулан /Jazz/, Б.Амархүү, рэппер Gee, Tsetse, Б.Баярцэцэг, С.Зоригт, Ч.Очгэрэл, Д.Намсрайноров болон Никитон, Хар сарнай-Амраа, Sweetymotion, Классик жем, Fire, Мотив, Жонон хамтлаг ая дуугаа өргөх юм. Хандивын тоглолтын орлогыг Г.Эрхэс хүүгийн эмчилгээнд бүрэн зориулах аж.


Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻