Нийслэлийн лаборатори 142 дугаар сургуулийг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Х хороонд барьж ашиглалтад оруулсан лаборатори 142 дугаар сургуулийн нээлт өнөөдөр боллоо.
Нийт 480 хүүхдийн суудалтай тус барилгын ажлыг “Түмэн өргөө хаус” компани 4 тэрбум 350 сая төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар тус сургуульд 22 бүлгийн 710 хүүхэд суралцаж, 56 багш, сурган хүмүүжүүлэгчтэй үйл ажиллагаа явуулж байна.
Нээлтэд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ, “Монгол Улсын 2019 оны
төсвийн хөрөнгөөр энэ онд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 603
төсөл хэрэгжүүлэхээс 161 нь нийслэлд, 440 нь орон нутагт, хоёр нь улсын хэмжээнд
хэрэгжинэ. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд 26 сургууль,
гадны зээл тусламжаар 7 сургууль, 67 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, сурагчдын
суудлын тоог 17 мянга, цэцэрлэгийн хүүхдийн тоог 13 мянгаар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж
байна. Үүний нэг нь энэ шинэ сургууль Баянзүрх дүүргийн X хорооны хүүхэд та бүхний өмч болж байна” гэв.
“Манай сургууль хичээлийн жилийн гуравдугаар улирлын эхний өдөр буюу хоёрдугаар сарын 11-нд сурагчдаа хүлээн авч албан ёсоор ажиллаж эхэлсэн. Баянзүрх дүүргийн X хороо өмнө нь сургуульгүй байсан бол шинэ сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд гэрээсээ хол явж сурах бэрхшээлгүй болж байна. Цаашлаад тухайн хорооны хүүхдүүд хичээллэдэг байсан "Баянзүрх", "Амгалан" цогцолбор, 92 дугаар сургуулийн ачаалал ч багасаж, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх боломж бүрдлээ” хэмээн тус сургуулийн захирал Ч.Наранцэцэг онцлов.
“Түмэн өргөө хаус” компанийн зөвлөх Т.Энхбаяр хэлэхдээ, “Манай компани 2015 оны зургадугаар сард энэ сургуулийн шавыг тавьсан. Анх барихдаа хувийн хэвшлийн сургуулийн чиглэлээр барьж, 2016 оны долдугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Баянзүрх дүүргийн X хороо сургуульгүй байсан учир оршин суугчид тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн С.Жавхланд уламжилж, гишүүн улсын төсөвт суулгах асуудлыг шийдсэнээр 2018, 2019 оны төсөвт хуваагдаж суусан. Спортын заал, 14 анги танхим, эмч, багш нарын өрөө, номын сан, мэдээлэл зүйн танхим, гал тогоо гээд иж бүрэн стандартын шаардлага хангасан 5 давхар сургууль ийнхүү үйл ажиллагаагаа эхэлж байна” гэв.
Тус сургуулийн 12
дугаар ангийн Т.Хонгорзул, “Шинэ сургууль ашиглалтад орохоос өмнө “Амгалан”
цогцолборт сурахын тулд холоос ирж суралцдаг байсан. Гэрээсээ хол сургуульд
явахад хүнд, гурван ээлжээр хичээллэдэг болохоор хичээлээ давтах
боломжгүй, ачаалалтай байсан. Сургууль төгсөх жилдээ шинэ сургуульд суралцаж
байгаадаа баяртай байна. Сурах орчин маш таатай, хичээлээ давтах анги танхим
чөлөөтэй, багш нартайгаа ойр байх сайхан байна” хэмээн сэтгэгдлээ
хуваалцав.
Сургуулийг нээх ёслолд нийслэлийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, төлөөлөгч
Д.Мөнхжаргал, Т.Цэрэнноров, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, нийслэлийн
Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын албаны хүмүүс оролцсон юм.