“Mongolia Mining-2019”-д оролцогчдыг танилцуулж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-03-11 17:40:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 10-12-нд манай улсад болох “Mongolia Mining-2019” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцох гадаадын компаниудыг зохион байгуулагчид эхнээсээ танилцуулж эхэллээ.

Ес дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Mongolia Mining-2019”-д Австрали, АНУ, Англи, Беларусь, Канад, БНХАУ, Финланд, Герман, Итали, Казакстан, ОХУ зэрэг 20-иод орноос 150 гаруй компани оролцох гэж байгаагаас Итали улсаас Ficep Spa компанийг онцолжээ. Тус компани нь Италийн Варесад төвтэй, дэлхийн 90 орчим оронд үйлчлүүлэгчтэй, ган барилгын үйлдвэрлэлийн машин төхөөрөмжийн тэргүүлэх үйлдвэрлэгч аж. Барилгын ган болон төмрийн үйлдвэрүүдэд зориулсан, дэлхийд хамгийн өргөн хүрээтэй CNC машинуудыг үйлдвэрүүдээрээ дамжуулан нийлүүлдэг байна.

Беларус улсаас “Минский электротехнический завод үйлдвэр, Бэлшина” болон “Юнайтэд Белаз машинари компаниуд оролцохоор болоод байна. “Минский электротехнический завод үйлдвэр экологийн инженерчлэлийн олон төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг бөгөөд үндсэн бүтээгдэхүүнүүд нь: трансформатор-2500 хүртэлх эрчим хүчний трансформаторын тосон болон хуурай төрөл 40 квадрат хүртэлх бага хүчин чадал бүхий трансформатор, КТП дэд станцууд, хөрс болон бетоны дулааны боловсруулалт, аж үйлдвэр, ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай уул уурхайн тоног төхөөрөмж УКЗВ, УКЗН катодын хамгаалалтын төхөөрөмжүүд аж.


Дэлхийн олон оронд ажиллаж, олон улсын хэмжээний компани болсон Бэлшина нь уул уурхайн хүнд машин механизмын бүх төрлийн хэмжээт дугуйг олон улсад импортлодог байна.Юнайтэд Белаз машинари компани нь монголчуудын сайн танил “Белаз”-ын хүнд даацын ачааны машины албан ёсны онцгой эрхтэй борлуулагч бөгөөд хүнд даацын ачааны машины томоохон импортлогч юм байна. Монгол улсад хамгийн сайн борлуулалттай 30-450 тонн даацтай ачааны машиныг тус компани санал болгодог. Мөн тус компани “Goodyear дугуй, TMS дугуйн хийн температурын хяналтын систем, Topy хүнд даацын обудын албан ёсны дистрибьютороор ажиллаж байна.

Финланд улсаас Mongolia Mining Expo 2019”-д Хойд Европыг төлөөлүүлж дээд чанар, шилдэг технилогиороо шалгарсан ALLU Finland компанийг танилцуулж байна. 1985 онд үүсгэн байгуулагдсан тус компанийн Allu трансформэрс нь уул уурхайн болон үйлдвэрлэлийн процесст зориулсан олон талт багаж хэрэгсэл юм байна.

Зөөгч гидравлик эд ангиуд нь хоолойн бөглөрөл, бусад материалын урсгал болон хөлдсөн материалын тээвэрлэлтийг шийдэх түргэн, дэвшилтэт техникээр ажилладаг. Боловсруулах, салгах, ангилах, холих, бутлах зэрэг хэрэглэгчдэд үнэ цэнэ нэмэхүйц бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж борлуулдаг. Энэ бэхэлгээ нь материал давхар зөөвөрлөх хэрэгцээг халж, дамжлагын систем болон үндсэн материал боловсруулах тоног төхөөрөмжийг хамгаалж, хортой хаягдал чулуулгийг эхний үе шатанд ангилж арилгадаг байна. 


Энэ жилийн “Mongolia Mining-2019” нь “Хариуцлагатай уул уурхайг дэмжье” уриан дор болж, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, мөн Канад, Чех, Австрали, АНУ, Финланд, Итали, Герман, ОХУ, БНХАУ, Беларус, Казахстан зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, Монголын уул уурхайн салбарт техник, технологи, үйлчилгээгээ танилцуулах юм.

Б.Болд

相关新闻