Францын их, дээд сургуульд тэтгэлгээр 10 оюутан сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-12 10:53:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУСЯ, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2019-2020 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.


Тус тэтгэлэг нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх, Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

Тэтгэлэг олгох чиглэл нь мастерын ба докторын сургалт /франц болон англи хэлээр/ бөгөөд, хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болох юм байна


Элсэхийг хүсэгчид Монгол Улсын иргэн байх, Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан байх, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх, суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшинг хангах, өмнө нь Монголын Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд суралцаж байгаагүй зэрэг шаардлага тавих аж.


Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг Францын ЭСЯ-нд ирэх сарын 12-ныг хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-ны 11-324519 утсаар холбогдож авах боломжтой. 

相关新闻