Уул уурхайн салбарт хамтын хэлэлцээр байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвшлийн хамтын хэлэлцээр байгуулжээ. Энэ талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал өнөөдөр УУХҮЯ-нд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвшлийн 2019-2020 оны хамтын хэлэлцээрийг талууд гуравдугаар сарын 15-нд баталжээ. Тодруулж хэлбэл, хэлэлцээрт төрийг төлөөлж УУХҮЯ, салбарын 47 мянган ажилчдыг төлөөлж Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, салбарын нийт 300 гаруй ажил олгогчийг төлөөлж Уул уурхайн үндэсний ассоциац, Үйлдвэрлэлийн геологичдын холбоо, “Монголын нүүрс” ассоциацийн төлөөлөл гарын үсэг зурж баталгаажуулаад байна.
Хэлэлцээрт найман
бүлэг, 70 заалт тусгасан байна. Тухайлбал:
- тус салбарт ажиллагсдад нэмэлт амралт олгох,
- сул зогсолтын олговрыг 60 хувиас доошгүйгээр олгох,
- байгууллагын жилийн үр дүнг харгалзан жилд нэг удаа
үндсэн цалингаар тооцож зургаан сар хүртэл сарын цалинтай тэнцэх жилийн
дүнгээр үр дүнгийн урамшуулал олгохоор тусгажээ.
Мөн ажиллагчид
тэтгэврээ тогтоолгох тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин
нэмэгдүүлж, ажилласан жилээр нь үржүүлж нэг удаа тэтгэмж олгох тухай заажээ. Уул уурхайн салбарт орон тоог цомхотгох,
ажлын байрыг цөөрүүлэх, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны
нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд
дараах тэтгэмж олгохоор зааж өгчээ. Үүнд:
- 1-4 жил ажилласан бол 1-4 хүртэлх сар
- 5-10 жил ажилласан бол 6 сар хүртэл
- 11-15 жил ажилласан бол 12 хүртэл сар
- 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 хүртэл сарын
албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно хэмээн тусгажээ.
Уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээ нэг сарынх нь 640 мянган төгрөг болжээ. Гэвч тус салбарт ажиллагсад
хамгийн хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ хангалттай цалин авч чаддаггүй байна.
Уурхай бүрийн цалин өөр өөр. Иймээс салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах
зорилгоор өмч харгалзахгүйгээр энэхүү хэлэлцээр мөрдөгддөг байхаар тусгаж
өгчээ.
Анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг уул уурхайн компанид ажиллуулахыг зүйлчилж өгчээ. Мөн насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг мөрдөхөөр боллоо.
Тоймлож өгүүлэхэд, Геологи,
уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвшлийн
хамтын хэлэлцээрээр өмчийн хэлбэр харгалзахгүйгээр энэ салбарын хөдөлмөрийн
харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалж
баталгаажуулан, ажилчдын нийгмийн хамгааллыг дэс дараатай шийдэж байхад оршиж
байна. Үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангах, цалин хөлсийг
нэмэгдүүлэн, салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох
юм.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр