Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчид эрдэмтдийн судалгаатай танилцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчид ШУА болон харьяа
хүрээлэнгүүдийн ажилтай танилцаж, хамтран ажиллах эрдэмтэн судлаач
нартай уулзаж байна. Энэ нь ШУА, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан хамтран ажиллах
санамж бичгийн хүрээнд болж буй ажил юм.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тус үйлдвэрийн Бүтээмж
инновацийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Дашдоржоор ахлуулсан төлөөлөгчдийг
өнөөдөр хүлээн авч уулзан санал солилцож, юуны түрүүнд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн лаборатори, судалгаатай танилцаж, эрдэм шинжилгээний ажил, эрдэмтэн
судлаачидтай уулзахыг хүслээ.
Тэд өнөөдөр, маргааш хоёр өдөр хүрээлэнгүүдээр
явж танилцах юм. Өнөөдөр Одон орон, геофизикийн хүрээлэн, “Астропарк”, Физик технологийн хүрээлэнгээр зочилж шилний болон
баттерейн лабораторитой танилцаж, академич Б.Тогоо “Шар тоосны тархалтын
судалгаа”-гаа танилцуулах юм. Мөн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
Оюутолгойн хамтарсан төсөл болох нөхөн сэргээлтийн судалгаа, хөрсний бохирдол
арилгах судалгаа болон биологийн идэвхтэй бүтээгдэхүүнийг танилцуулах бол Хими,
химийн технологийн хүрээлэнд Зэсийн баяжмал бүрэн боловсруулах судалгаа,
Цэвэрлэх байгууламжийн лагийн судалгаа болон лабораториудтай танилцах аж.
Харин маргааш нийслэлийн цэвэрлэх байгууламжтай танилцаж, улмаар ШУА болон Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажилллагааны хүрээнд хийх ажлын хөтөлбөрийг эцэслэн батлах аж.
ШУА, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан хамтран ажиллах
санамж бичгийн хүрээнд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Эрдэмтэн
нарийн бичгийн дарга, академич Б.Авид тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн нэгдүгээр
сард Эрдэнэт хотод ажилласан. Энэ үеэр 2019 оноос эхлэн хэрэгжүүлэх ажлын
талаар санал солилцон, Эрдэнэт үйлдвэр болон тус хотод тулгамдаж буй зарим
асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ярилцаж тохиролцсон юм.
Тухайлбал, Эрдэнэтийн цагаан тоосны асуудал, зэсийн
баяжмалыг хайлуулах процесст гарах хүхэрлэг хийн асуудал, Эрдэнэт хотын утааг бууруулах
асуудал гэсэн үндсэн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр болсон.
Мөн ШУА-ийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудад
ахисан түвшний судалгааны ажил хийхэд нь арга зүйн зөвлөгөө өгөх, судалгааны
ажлыг удирдах, үйлдвэрээс гарах хог хаядал, аюултай хог
хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах юм.