Гэр хорооллын өнгөн хөрсний худгийн усыг унданд хэрэглэхгүй байхыг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ.Сэлэнгэ аймгийн МХГ-ын итгэмжлэгдсэн лабораториос “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатар сумын гэр хорооллын хашаандаа худагтай 20 айл өрх,
нийтийн орон сууцны 20 айл өрхөөс хими, нян судлалын шинжилгээг үнэ төлбөргүй
хийлээ.
Хими, нян судлалын шинжилгээгээр 80 дээж авч 460 үзүүлэлтээр шинжилсэн байна. Шинжилгээгээр гэр хорооллын хашаандаа худагтай айл өрхийн усанд хатуулаг, төмөр, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, фтор зөвшөөрөгдөх хэмжээнээс бага гарчээ.
Үүнээс үзэхэд нийт дээжийн 90 хувь нь эрүүл ахуй стандартын шаардлага хангахгүй байгааг шинжилгээгээр баталсан байна. Мөн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолтой, гэдэсний савханцар бактериар бохирлогдсон дээж нийт дээжийн 30 хувийг эзэлж байжээ.
МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн зүгээс шинжилгээний
хариуг айл өрх бүрт хүлээлгэн өгч, зөвлөмж хүргэсэн аж. Тиймээс гэр хорооллын
өнгөн хөрсний худгийн усыг хоол унданд хэрэглэхгүй, зөвхөн ахуйн зориулалтаар хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөв.