Баталгаат замаар тээвэр хийж, зорчихыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-27 14:21:32

Сэлэнгэ/МОНЦАМЭ.Аймгийн ОБГ-аас Сүхбаатар сумын нэгдүгээр багийн нутгаар урсдаг Орхон гол, Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр ард иргэд тогтмол хөдөлгөөн үйлддэг дөрвөн хэсгийн мөсний зузаанд хэмжилт хийжээ.

Орхон голын мөсний хэмжээ 10-25 см, мөсөн дээгүүр халиа гүйж урд эргээр захлан харзалж урссан, мөс сийрэгжиж тээврийн хэрэгсэл болон явганаар хөдөлгөөн үйлдэхэд аюултай байдал үүссэн байгаа аж.

Мөн Сэлэнгэ мөрөн, Орхон голын бэлчир зах хэсгээр мөс түрэгдэн гарч уснаас хөндийрсөн, нэгдүгээр багийн Хужир нуга, Охь хөндийн иргэд гардаг гармын хэсэг дөрөвдүгээр тампур гэх хэсгээр мөсний зузаан 40-20 см, мөсөн дээгүүр ус хальж урссан байна.

Мөсөн гармаар явганаар явах боломжгүй, дээд хэсэг, доод хэсгээр урссан байгаа нь иргэд мөсөн дээгүүр зорчиход аюултай байдал үүссэнийг илтгэж байгаа аж. Иймд Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсөн дээгүүр зорчиход мөс цөмөрч амь насаа алдах аюултай байгаа тул ард иргэд баталгаат замаар тээвэр хийж, зорчихыг анхааруулж байна.

相关新闻