ОХУ-ын “Роснефть” компанийн тэтгэлгээр 10 оюутан суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-27 11:46:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын “Роснефть” компанийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад 10 оюутан шалгаруулна.


Ингэхдээ М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан, Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа,  эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулах юм.


Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа, ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн, Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа, ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.


Бүртгэлийг ирэх сарын 5-ныг хүртэл https://scholarship.esis.edu.m...цахим хаягаар явуулна. Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 7577-8080 дугаараас, бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг БСШУСЯ-ны +51 267131, ГХЯ-ны +51 261832 тоот утсаар авах боломжтой.

相关新闻