Багш нарын дунд зохиогддог ур чадварын уралдааны шилдгүүд шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ.Сэлэнгэ
аймгийн Мандал, Баянгол, Ерѳѳ
сумын мэргэжлийн багш нарын дунд зохион байгуулдаг “Сайн хичээл-Миний туршлага-2” ур чадварын
уралдаан Мандал суманд энэ сарын 25-нд амжилттай боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат сумдын багш нар өөрсдөө чадварлаг,
оюунлаг сайн багш байж ирээдүй болсон хүүхэд багачууд эрдэм мэдлэгтэй, зөв хүмүүжил
төлөвшилтэй болно хэмээн үздэг тул эл уралдааныг ивээн тэтгэж, уламжлал болгон зохион байгуулж буй.
Уралдааны хаалтын үйл ажиллагаа энэ сарын 26-нд Зүүнхараа хотын “Мөнгөн хараа” Ардын дуу бүжгийн чуулгын байранд болж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж нар оролцож, шагналт байрт шалгарсан багш нарын шагналыг гардуулсан.
Уралдааны бага боловсролын салбарын тэргүүн байрыг “Билиг ДБ” сургуулийн багш Т.Байгалмаа, удаах байрт Мандал-гуравдугаар сургуулийн П.Алтантуяа, Мандал гуравдугаар сургуулийн Д.Саруул-Ирээдүй нар шалгарсан байна.
Мөн байгалийн ухааны салбарын тэргүүн байрт Мандал дөрөвдүгээр сургуулийн физикийн багш Н.Болормаа, дэд байрт Хэрх сургуулийн физикийн багш Ж.Отгонжаргал, гутгаар байрт Мандал нэгдүгээр сургуулийн математикийн багш Д.Атархүү шалгарав.
Мөн хүмүүнлэгийн ухааны салбарын аваргаар Мандал 4-р сургуулийн түүх нийгмийн ухааны багш М.Баянбулаг, Мандал 2-р сургуулийн түүх нийгмийн ухааны багш Н.Болормаа, Мандал нэгдүгээр сургуулийн англи хэлний багш Т.Болортуяа нар тус тус шалгарчээ.
Уралдааныг амжилттай зохион байгуулсан Д.Чулуунбаатар захиралтай нэгдүгээр сургууль, Б.Нарангэрэл захиралтай дөрөвдүгээр сургуулийн хамт олонд талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд нь зориулан “Epson” брэндийн гурван үйлдэлт өнгөт принтер гардуулав.
Мандал сумын ерөнхий боловсролын нэг, дөрөвдүгээр сургуульд болсон энэхүү уралдаанд дээрх сумын 11 сургуулийн 31 багш ѳрсѳлдѳж, мэдлэг оюун, ур чадвараа сорьжээ.