АШУҮИС-ийн Эрдмийн сургууль ахисан түвшний сургалт явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарт 25 мянга гаруй боловсон хүчнийг бэлтгэсэн АШУҮИС өнөөдөр ахисан түвшний сургалт явуулах Эрдмийн сургуулийг нээлээ.
Хөгжингүй улс орнууд орчин цагийн шинжлэх ухаан, технологийн
дэвшилд тулгуурлан мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх замаар үндэснийхээ
өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлж, уг асуудлыг
шийдвэрлэх гол гарц болох судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд онцгойлон
анхаарч байна.
Дэлхийн энэхүү чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын
Засгийн газар 2018 оны 282 дугаар тогтоолоор “Судалгаанд суурилсан их
сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг баталж, 2019-2023 он хүртэл үе
шаттай хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.
Эрдмийн сургуулийг нээх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож хэлэхдээ, “Хэд хэдэн их сургуулийг сонгож, судалгааны их сургууль болгон хөгжүүлэх зорилт тавьсны нэг нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль юм” гээд, эрүүл мэндийн салбарын бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн судалгаа, сургалтын тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, судлаачдыг тасралтгүй бэлтгэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулан ажиллахыг тус сургуулийн хамт олонд захилаа.
Мөн тэрбээр ахисан түвшний сургалтаараа дамжуулан шинэ санал санаачилга, инновацийг бий болгох чиглэлээр үр дүнтэй ажиллаж, судалгааны ёс зүй, хэм хэмжээг чанд мөрдөн, эх орондоо магистр, докторын төгсөлтийн сургалтыг амжилттай хэрэгжүүлэгч, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн шинжлэх ухааны тэргүүлэгч сургууль болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.