17 мянга гаруй өрхийг ядуурлаас гаргасан
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗасгийн газраас 2012-2015 онд хэрэгжүүлсэн “Өрхийн амжиргааны хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 17 мянга гаруй өрхийг амьжиргааны доод түвшнээс буюу ядуурлаас дээгүүр орлоготой болгосон талаар өнөөдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээлэв.
Энэхүү хөтөлбөр амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хэрэгцээ, санаачилгад тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт зэрэг үйлчилгээг багцлан хүргэх замаар өрхийн хөгжлийг дэмжиж, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилотой юм.
Нийслэл, аймаг, дүүрэг, баг, хороодын Нийгмийн халамж, үйлчилгээний хэтсээр дамжин хэрэгжсэн уг хөтөлбөрт 55 мянган өрх хамарчээ. 3 жилийн хугацаанд 120 мянга гаруй иргэнийг байнгын болон түр ажлын байранд зуучилж, 30 орчим мянган иргэнийг ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулсан байна. Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүрэг 2012-2015 онд 2600 гаруй иргэнийг ажлын байраар хангаж, дүүргийнхээ 600 гаруй өрхийн 6 настай хүүхдийг хичээлийн хэрэгслээр бүрэн хангасан хэмээн С.Эрдэнэ сайд хэлэв.
Тэрбээр, Анх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлхэд дүүрэг хороодын Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдэд улс төрийн нөлөө их байсан. Өөрөөр хэлбэл, нам, эвслээр ялгаварлан гадуурхаж, хөтөлбөрт хамруулах тохиолдол байсан. Харин Засгийн газраас хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулж ажилласны хүчинд улс төрийн нөлөөг бүрэн арилгаж, чадсан.
Мөн түүнчлэн уг хөтөлбөрийн 2 дахь шат болох “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар энэ оны эхний хуралдаанаар баталсан. Монгол Улсын нийт өрхийн 30 гаруй хувь нь ядуу гэсэн судалгаа бий. 2016-2020 он хүртэл хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд дээрх өрхүүдийг ядуурлаас гаргахад түлхэц үзүүлж, өмнөх ажлуудаа улам бүр баталгаажуулж, илүү амжилтад хүрнэ гэдэг итгэж байна” хэмээв.
Ч.Ариунболд