Японд хэрхэн суралцах талаар мэдээлэл өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-11 17:55:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь Япон хэлний сургалтын байгууллагуудын холбоо “Жапан рюүкэн 2019” мэдээллийн үзэсгэлэнг энэ сарын 13, 14-нд МУИС-ийн номын санд зохион байгуулна.


Тус холбоо нь 2018 оны нэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд Монгол дахь япон хэлний сургалтыг хөгжүүлэх, Монголын хүүхэд залуус япон хэл соёлоос суралцахад нь туслах, хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Энэхүү холбоонд 10 гаруй байгууллага нэгдээд байгаа бөгөөд тус үзэсгэлэнд “Номын хүрээ”, “Сора”, Жемко” япон хэлний сургалтын төв, “Жисонкэй” ХХК, “Хакүба Такэши сан” зэрэг байгууллага оролцон үйл ажиллагаагаа сурталчлах юм.

Үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Монгол, Японы Соёл боловсролын харилцааны нийгэмлэг ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн үеэр япон хэл сурах, тус улсад хэлний бэлтгэл болон их, дээд сургуульд суралцах, дадлагажигч ажилтнаар ажиллах талаар мэдээлэл авах боломжтой.

Монголын Япон хэлний сургалтын байгууллагуудын холбооны тэргүүн Л.Ганбаатар хэлэхдээ, “Манай залууст Японы их, дээд сургуульд суралцмаар байгаа боловч япон хэл мэдэхгүй гэсэн бэрхшээл тулгардаг. Энэ үзэсгэлэнгийн үеэр Японы их, дээд сургуульд хэрхэн суралцах, Япон дахь оюутны амьдрал, цагийн ажил гэх зэрэг мэдээллийг өгнө. Японд суралцахыг хүсэж байгаа залуус эх орондоо байхдаа бүрэн мэдээлэл авах боломж бүрдэж байгаа юм. Японы их, дээд сургуульд амжилттай элсэн суралцахыг хүсэж байгаа хэн бүхэнд үнэн зөв, бодит мэдээлэл өгөхийг бид зорьж байна” гэв.

相关新闻