Залилангийн гэмт хэргээс сэргийлэх аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-15 17:32:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас "Залилан нэгдсэн арга хэмжээ" аян  өнөөдөр эхлүүлэв.


Энэ сарын 30-н хүртэл үргэлжлэх аяны хүрээнд иргэдэд залилангийн гэмт хэргийн талаарх эрх зүйн мэдлэг  олгох, урьдчилан сэргийлэх ажлыг олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэл, мэдээллээр дамжуулан өрнүүлэх аж.


Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр, залилангийн гэмт хэрэг 2017 онд 38.4, 2018 онд 79.3, 2019 оны 1 дүгээр улиралд 19.5 хувиар буюу гэмт хэргийн 6.7-14.8 хувийг эзлэх болж тус тус өссөн. Залилангийн гэмт хэрэг жил бүр өсөж, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хохирол учруулж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэсэн залилангийн гэмт хэргийг судлахад, иргэд нийгмийн цахим сүлжээнд бусдад хууртах, бодит байдлыг нууж, төөрөгдүүлэх, олон шатлалын маркетинг, пирамид тогтолцоотой луйврын аргад ихээр автаж байна.  


Дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэн тэргүүний асуудал нь, энэхүү гэмт хэргийг үйлдэж буй аргыг иргэдэд мэдээлж, таниулах юм. Ингэснээр залилагч этгээдэд мөнгө, эд зүйлээ өгөхөөс татгалзах сэдэл төрөхөөс гадна сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл багасах ач холбогдолтой.

相关新闻