Үр бүтээлтэй ажилласан багш нарыг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-18 10:42:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан Боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган багш нарт төрийн одон, медаль хүртээсэн. Шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон газрын дарга нар гардууллаа.  


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор  25-р тусгай сургуулийн биеийн тамирын багш Д.Долгоржав, Сүхбаатар дүүргийн 4-р сургуулийн бага ангийн багш Г.Түмэннасан, 70-р тусгай сургуулийн согог зүйч багш Б.Энхтуяа, Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн багш С.Бээжинсан нарыг шагнав.


Алтан гадас одонгоор "Ирээдүй" цогцолбор ахлах сургуулийн газарзүйн багш Ш.Оюунчимэг, Шинэ анагаах ухааны их сургуулийн багш Б.Саранцэцэг, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн технологийн багш О.Эрдэнэ-Ус, Баянгол дүүргийн 133-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Долгор, Дорнод аймгийн "Шинэ хөгжил" сургуулийн технологийн багш Д.Чулуунбаатар, Нийслэлийн 53-р сургуулийн биеийн тамирын багш Л.Энхболд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын бага боловсролын багш Г.Энхтуяа, 25-р тусгай сургуулийн биеийн тамирын багш Ц.Намжилдорж, Архангай аймгийн Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Б.Нямсүрэн нар энгэрээ мялаалаа.


Хөдөлмөрийн хүндэт медалиар  Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш М.Цогбаяр, Баянзүрх дүүргийн 62-р цэцэрлэгийн багш Ш.Насанжаргал, Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн багш Д.Нямцоо нар шагнуулав.


Засгийн газрын шагнал-Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр  Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн ахмад багш Ч.Жимс, “Эхлэл АОМ” сургуулийн захирал Ц.Бадамхатан, Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн багш Я.Байгалмаа нарыг шагнасан юм.


Төрийн одон медалиар шагнуулсан багш сурган хүмүүжүүлэгч нарт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг баяр хүргэж, амжилт хүсэв. 


相关新闻