“Автомат робот” тэмцээнд 103 баг өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулиас санаачлан 10 дахь жилдээ зохион байгуулж буй “Автомат робот” тэмцээнд 103 багийн 200 гаруй оюутан, сурагч өрсөлдөж байна.
Хүүхэд, залуусыг өөрийгөө хөгжүүлж, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөд
нь туслах, зохион бүтээх чадварыг нь дээшлүүлэх зорилготой уг тэмцээн оюутан
болон сурагч гэсэн хоёр ангилалтай юм. Багууд замын, шулуун замын, робот
хөлбөмбөг, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, маргааш буюу энэ
сарын 5-нд шилдгүүдээ тодруулна.
2009 онд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутнуудын “High
Tech” клубийн санаачилгаар зөвхөн сургуулийнхаа хэмжээнд зохион байгуулж байсан
энэхүү тэмцээн жил ирэх тусам өргөжиж, нийслэл төдийгүй аймаг орон нутгийн оюутан,
сурагчид ч өрсөлдөх болжээ. Энэ жил нийслэлийн багуудаас гадна Төв, Увс,
Баянхонгор аймгийн оюутан, сурагч оролцож байгааг ШУТИС-ийн Мэдээлэл холбооны
технологийн сургуулийн багш, доктор Ц.Хүрэлбаатар хэллээ.