БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Сэлэнгэ аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-04 22:53:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Сэлэнгэ аймагт ажиллалаа. Түүний энэ удаагийн орон нутгийн томилолтын гол зорилго нь салбарынхаа ажиллагсадтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсох, цаашлаад тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж, шинээр хэрэгжих сургалтын хөтөлбөрийн талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцоход чиглэгдсэн байв.

Сайд Ё.Баатарбилэг уулзалтынхаа эхэнд салбарынхаа өнөөгийн байдал, бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Яамны зүгээс өнөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн давхардлыг арилгаж, багш, сурагчдын хэн хэнийх нь хэрэгцээг хангасан шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх гэж буйгаа танилцуулсан юм. Энэ нь цоо шинэ хөтөлбөр биш бөгөөд байгаа дээрээ суурилсан, багш, сурагчийн ачааллыг бууруулсан хөтөлбөр гэдгийг онцолсон. Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг ирэх хичээлийн жилийн 9 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр бэлтгэл ажлаа хийж байгаа гэв.

Мөн сайдын дараагийн нэг онцолсон мэдээлэл бол цоо шинэ сургууль, цэцэрлэгийг барьж байгуулахаас урьтаж одоогийн байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудыг нарийвчилсан судалгаан дээр үндэслэн нэг мөр их засварт оруулж, энэ салбарынхныг техник тоног төхөөрөмжөөр хангах ажил аж. Учир нь өнөөдөр улсын хэмжээнд ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг, соёл, спортын байгууллагуудын барилгын насжилт өндөрссөн, засаж сэлбэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн байдалтай байгаа гэлээ.

Уулзалтад оролцогсдын зүгээс сургуулиудын их засвар, цалин хөлсний нэмэгдэл, урлагийн байгууллагын мэргэжлийн уран бүтээлчдийн дутагдал зэрэг асуудлаар саналаа хэлж сайдаас хариулт авч байв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн уулзалтад Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Осор, Сайдын ажлын албаны дарга, сайдын зөвлөх Ө.Сумъяабаатар, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.

相关新闻