Асуулт тавих цаг бага байсанд иргэд дурамжхан байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНМонгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Булган аймагт ажиллалаа. Тэрээр анхдагчдын өлгий нутагт саатаж нэг цагийг иргэдэд тайлан тавьж, дараачийн нэг цагийг иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуултанд хариулах цаг болгоно хэмээн зарласан боловч 2 цаг тайлан тавьж, гучин минутыг асуулт, санал хүсэлтэд зориулсанд иргэд бухимдаж байлаа.
Иргэд албан хаагчидтай уулзах уулзалтынхаа эхэнд “Саяхан Нямдорж гишүүн ирж уулзалт хийсэн гэл үү. Нямдорж ярьж байгаа зүйлээ дэлгэцэн дээр гаргаж ярьсан уу. Би бол баримттай, ул суурьтай зүйл ярьдаг учраас иргэдэд харагдахуйц дэлгэцэн дээр ярьж байгаа зүйл маань давхар гарна. Нямдорж бол хуульч, харин би инженер хүн” хэмээгээд хуульчдын тухай шог яриагаар уулзалтыг эхлүүллээ. Тэрээр намрын чуулганы тойм, эдийн засгийн зарим асуудлууд, бүтээн байгуулалт, бонд, барилга, хөдөө аж ахуйн салбар гэсэн чиглэлээр мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд иргэдээс Хишиг – Өндөр сумын хүн эмнэлэг дуудлаганд явах машингүй хагас жил болоод байна та энэ тал дээр анхаарал хандуулж дэмжиж туслаач, малчид малын чанарт биш тоон дээр анхаарсаар байгаад малын бэлчээрийн даац хэтэрлээ төрийн зохицуулалт хэрэгтэй байна, Булган аймагт шинээр баригдсан усан спорт сургалтын төвийг аймгийн засаг дарга иргэдээсээ асуулгүй дур мэдэн барьж байгаа, мөн байр орон сууц цөөхөн байна зэрэг цөөн хэдэн санал гомдлуудыг гаргалаа.
П.Батням