Андрей Кухарук: АТГ-т улс төрийн дарамт шахалт байсаар байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээ Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ээлжит дүн шинжилгээ хийснээ өнөөдөр танилцууллаа. Энэ удаагийн буюу дөрөв дэх шатны хяналт, тайланд авлигын эсрэг бодлого, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтээс гадна улс төрийн намын санхүүжилтийн асуудалд илүү анхаарал хандуулах шаардлагатайг онцолжээ.
Уг байгууллагаас Монгол Улсад 2015 онд өгсөн 19 зөвлөмжийн нэгийг бүрэн, 12 зөвлөмжийг хэсэгчлэн хэрэгжүүлсэн бол 5 зөвлөмжийн биелэлт хангалтгүй гэж үзжээ. Харин энэ удаагийн хяналт, шинжилгээгээр 29 зөвлөмж гаргасан байна.
Авлигын эсрэг сүлжээний дөрөв дэх шатны хяналт шинжилгээ 2018 онд эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бүлэг шинжээчид манай улсад ажиллахдаа төр, иргэний нийгэм, бизнес болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж мэдээлэл цуглуулсан байна. Уг мониторингийн тайланг энэ оны гуравдугаар сард Парис хотноо болсон Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд тайлангийн дүнг тухайн улсын холбогдох байгууллага, иргэд олон нийтэд танилцуулдаг юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний Ажлын албаны зөвлөх Андрей Кухарук “Үнэлгээ хийхдээ Монгол Улсын авлигын эсрэг бодлого, авлигаас урьдчилан сэргийлэх арга, авлигын гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй байдал, улс төрийн намын санхүүжилт гэх дөрвөн асуудлыг авч үзсэн. Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллгааны төлөвлөгөөг боловсруулан баталсан нь сайшаалтай. Бодлогын чухал баримт бичгүүдийг боловсруулахад иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулсан гэж дүгнэсэн. Бодлогын хэрэгжилтийг хангахын тулд АТГ, холбогдох төрийн эрх бүхий байгууллагууд нягт хамтран ажиллах ёстойг тайланд зөвлөсөн. Чиг үүрэг бүхий талуудын гүйцэтгэлийг хянах цахим платформ үүсгэсэн нь сайшаалтай. Монгол Улс авлигын чиглэлээр идэвхитэй судалгаа, шинжилгээ хийдэг нь харагдаж байна. Гэвч судалгаагаар цуглуулсан мэдээллээ төдийлөн ашиглахгүй байна. Монгол Улсын АТГ-ын үйл ажиллагааг сайн хэмээн тайланд дүгнэсэн ч улс төрийн дарамт шахалт байсаар байна. Тиймээс нөлөөллөөс ангид, чиг үүргээ хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх нь туйлын чухал байна” хэмээв.
Улс төрийн авлига Монгол Улсад тулгамдаад буй асуудлын нэг бөгөөд улс төрийн намууд авлигад хамгийн их автсан институцийн нэг гэж олон улсын шинжээчид үзэж байна. Тиймээс намын санхүүжилтийн асуудалд анхаарч, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэхийг зөвлөжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний шинжээч Виталий Каско “Хууль зүйн баталгаа байгаа хэдий ч Монгол Улсад шүүгчдийн хараат бус байдлыг хангаагүй байна. Шүүгчид болон шүүх засаглалд хамаарах байгууллагын албан тушаалтнуудын томилгоо гэх мэт чухал шийдвэр гаргахад улс төрийн нам, улс төрчид оролцож, нөлөөлж байна. Тиймээс захиргааны албан тушаалд томилогдсон шүүгчдийн давуу эрх мэдлийг халахыг зөвлөж байна. Прокурорын байгууллагын хараат бус байдал болон прокуроруудын бие даасан байдлыг хангах нь прокурорын байгууллагын хувьд хамгийн чухал асуудал юм. Монгол Улсад прокуроруудыг ажилд авах, дэвшүүлэхдээ мерит зарчмаар, мэргэжлийн өндөр ур чадвар, шударга байдлыг харгалзан үзэх шаардлагатай” гэлээ.
Монгол Улс авлигын гэмт хэргийн талаарх ерөнхий статистик мэдээлэл, ял шийтгэл, хүлээлгэсэн хариуцлага зэргийг хэвлэн нийтэлж байгааг мөн сайшаажээ. Харин авлигын хэргээр мэргэшсэн мөрдөгч, прокуроруудын чадавхыг сайжруулахыг зөвлөж, шүгэл үлээгч буюу мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн цогц орчинг бүрдүүлэх шаардлагатайг онцолжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээ нь бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэх эрх зүйн орчин, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, тайлан зөвлөмж гаргах, зөвлөмжийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийдэг аж. Монгол Улс 2013 онд Авлигын эсрэг сүлжээнд нэгдэн хяналт, үнэлгээнд хамрагдаж эхэлсэн юм.