MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-08 14:36:09

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, хялбар, шуурхай болгосон ч Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдол гарсаар байгааг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.


Тухайлбал, Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий иргэд уригч байгууллагын нэр ашиглаж, өмнө нь олгосон визийн зөвшөөрөл дээрх иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөн, хуурамч холбоос үүсгэх зэргээр зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэнийг тогтоожээ.


Гадаадын иргэд энэ төрлийн залиланд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, виз, визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас (https://immigration.gov.mn/)-аас авах, визийн зөвшөөрөлд үйлчилгээний цахим системийн домэйн (https://isf.mn/) хаяг зөв бичсэн эсэхийг шалгах, хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөжээ.


Түүнчлэн визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг олон улсын хилийн боомт, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд нэгдсэн системээр шалгаж, хянадаг. Иймд хуурамч баримт бичиг үйлдэн улсын хилээр нэвтрэх боломжгүй тул гадаадын иргэд, түүнийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага аливаа хууль бус үйлдэл гаргахгүй, түүнд өртөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.



相关新闻