П.Соронзонболд: Сибирийн түймэр манай улсад орж ирээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-31 12:09:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Сибирийн нутагт гарсан түймрийн утаа өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хойд хэсэг, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт хүрээд байна. 



Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Долдугаар сарын 30-нд буюу өчигдөр NASA-гийн мэдээлснээр, хиймэл дагуулаас авсан зурагт түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхэж, цаашлаад АНУ, Канадын чигт нүүж байгааг харуулсан байна.


Уржигдраас нийслэлийг утаа бүрхээд байгаа бөгөөд иргэдийн дунд "манай улсад түймэр гарсан", "Сибирийн түймэр хил нэвтэрсэн" гэх мэдээлэл тархаад байгаа юм. Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах бэлтгэл, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч П.Соронзонболдоос тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ, "Хиймэл дагуулын зургаас харахад, Сибирийн түймэр Монгол Улсын хилээс 700 км-ийн зайтай, Байгал нуурын цаана байна. Хөвсгөл, Булган, Төв аймаг, нийслэлд түймрийн утаа орж ирснээс ОХУ-ын хил дагуу буюу манайхтай залгаа ой хээрийн түймэр гараагүй байна. Монгол Улсын хэмжээнд, өнөөдрийн байдлаар гарсан түймэр байхгүй. Харин он гарсаар Дорнод, Хэнтий аймгийн сумдаар хил давж орж ирсэн таван түймрийг бүрэн унтраасан. ОБЕГ ОХУ-аас түймрийн мэдээллийг цаг тухай бүрт авч, мэдээлэл солилцон, хяналт тавьж ажиллаж байна" гэлээ





Сибирийн түймрийн утаа нийслэлийг бүрхсэн нь агаарын чанарыг хоёр дахин бохирдуулсан нь БОАЖЯ-ны харъяа www.agaar.mn цахим хуудасны үзүүлэлтээс ажиглагдаж байна. Тодруулбал, өнөөдөр 12.00 цагийн байдлаар, нийслэлийн 12 байршилд агаар бага бохирдолтой буюу PM10 128-178 байна. Хан-Уул дүүргийн Мишээл экспо орчимд хамгийн бага буюу PM10 46 байна. Өнгөрсөн долоо хоногт дунджаар агаарын чанар PM10 45-50 буюу хэвийн хэмжээнээс даваагүй байсан юм. 

相关新闻