Тагнуулын байгууллага 106 тусгай дугаарын утас ажиллуулж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын байгууллага иргэдээс гомдол, мэдээлэл авах зорилгоор энэ сарын 7-ноос "106" дугаарын үнэ төлбөргүй холбогдох утас ажиллуулж эхэллээ.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно” гэж заажээ. Энэ дагуу Тагнуулын ерөнхий газар 2006 оноос төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авах энгийн утасны тарифтай тусгай дугаар "1800-1280" -аар үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
Иймд иргэд тагнуулын байгууллагын ажилтай холбоотой аливаа санал, хүсэлт гаргах, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл өгөх бол "1800-1280", "106" дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.