Намирын голын гүүрийг засварлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Намирын голын төмөр бетон гүүрийг засварлах, Өмнөговь сумын төв дотор 1.3 км хатуу хучилттай зам тавих, таван км сайжруулсан зам тавих ажил үргэлжилсээр байна.
Бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвийн
3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Тэргүүн саруул зам" компани
гүйцэтгэж байгаа аж. Өмнөговь сум хатуу хучилттай замтай болсноор сумын
төвийн өнгө үзэмж сайжирч, иргэд ая тухтай зорчих орчин нөхцөл бий болно.
Үүнээс гадна тус суманд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Орлого багийн төв барих ажлыг “Намир өргөө” компани 70 сая төгрөгөөр гүйцэтгэж байна.
Мөн улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгын их
засварын ажлыг “Дэглий цагаан” компани гүйцэтгэж буй бол Соёлын төвийн их
засварын ажлыг 400 сая төгрөгөөр “Эм Эй Би Эм” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд
одоогоор ажлын явц 40-60 хувьтай.
Зуны дэлгэр цаг ард хочорч намрын налгар өдрүүд эхэлсэн энэ цаг үед Увс аймгийн сум бүрт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна.